Их Британийн эзэн хаан III Чарльз 19 дүгээр зууны Викторианы эрин үеэс эхлэлтэй эзэн хааны галт тэргийн үйлчилгээг зогсоохоор болсон байна. Төсөв зардал хэмнэх, орчин үетэй хөл зэрэгцэн алхах үүднээс 200 орчим жилийн түүхтэй тус үйлчилгээг зогсоох шийдвэрийг гаргасан байна.
Их Британийн эзэн хааны гэр бүлийн санхүүгийн тайланг жил бүр зарлан танилцуулдаг уламжлалын дагуу даваа гарагт танилцуулсан тайланд өндөр зардалтай тул галт тэргийн үйлчилгээг бүрмөсөн зогсоож, холын аялалд хоёр нисдэг тэрэг болон нэг усан онгоц ашиглахыг зөвшөөрчээ.

Эзэн хааны галт тэргийг анх 19-р зууны дундуур, хатан хаан Викториагийн хаанчлалын үед ашиглаж эхэлж байсан түүхтэй.
9 вагон бүхий галт тэргийн үйлчилгээг ирэх жилээс эхлэн бүрмөсөн зогсоохоор болсныг тус санхүүгийн тайланд дурьдсан байна.
2025 оны 3-р сард дуусгавар болсон санхүүгийн жилийн тайланд өнгөрсөн жил Их Британийн эзэн хааны гэр бүлийн төсөв зардал 86.3 сая фунт стерлинг (118.5 сая ам.доллар) гарсан байна.
Харин Их Британийн эзэн хааны гэр бүлийн ирэх жилийн төсөв 132 сая фунт стерлинг болж өсөхөөр болжээ.