Татварын орлого бүрдүүлэхтэй холбоотой ажил гүйцэтгэх явцад гэмт хэргийн шинжтэй байж магадгүй 7.3 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн талаараа Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдээллээ.
Тодруулбал, Татварын ерөнхий газрын байцаагчдаас татварын орлого бүрдүүлэлттэй холбоотой баримтад шалгалт явуулахад гэмт хэргийн шинж чанартай байж мэдэх зөрчил илэрсэн байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл 7,3 их наяд төгрөгийн хохирол учирсан байж магадгүй гэнэ. Дээрх зөрчлийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн аж. Зөрчлүүдийн заримаас дурдахад борлуулалтын орлогоо нуусан, зардлаа өсгөж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай 94 иргэний 3,9 их наяд төгрөг, 56 аж ахуйн нэгжийн 2 их наяд төгрөг нийт 6 их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн худалдан авсан ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлсэн 17 аж ахуйн нэгжийн 950 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нь нотлогдоогүй их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855,2 тэрбум төгрөгийн зөрчил болоод цахим мөрийтэй тоглоомоор мөнгө угаасан байж болзошгүй 44 аж ахуйн нэгжийн 337,8 тэрбум төгрөг 1 иргэний 600 сая төгрөгийн зөрчил бүртгэгджээ. Дээрх зөрчлүүдээс үүдэж 7,9 их наяд төгрөгийн хохирол үүсээд байгаа юм. Эдгээр зөрчилд холбогдсон аж ахуйн нэгж этгээдүүд нь ямар нэгэн төрийн байгууллагатай хамааралгүй. Хувиараа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн нэгжүүдтэй холбогдсон гэдгийг Ерөнхий аудитор тодотгосон юм.
