Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдлээ


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор суррон загварын цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Үүний улмаас явган зорчигчид төдийгүй дээрх төрлийн цахилгаан хэрэгсэл унаж буй иргэдтэй холбоотой зам тээврийн осол гэмтэлд өртөх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал эрс нэмэгдэж байгааг дурдлаа. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт осол гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгааг П.Батчимэг гишүүн танилцуулсан.

2024 оны байдлаар манай улсад нийт цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн импортолсон цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157, 2024 онд 16783 болж өссөн, цаашдаа өсөх хандлагатай байгааг дурдаж байв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг төсөлд тусгасан байна. Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг шинээр нэмэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Төсөлд “Цахилгаан дугуй” гэдэг нь нэг хүн тээвэрлэх суудалтай, цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон байхаар, 25 км/ц-аас дээшгүй хурдтай, 16-аас дээш насны хүн жолоодохоор заасан гэв. Мөн цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явна. Хэрэв унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун гар талын зах буюу хөвөөгөөр болон нийтийн тээврийн эгнээгээр; явган хүний замаар хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй явах ба явган зорчигчид саад, аюул учруулахгүйгээр зорчих зэрэг зохицуулалтыг тусгасан хэмээн П.Батчимэг гишүүн тодруулсан. Үүн дээр замыг сонгох бус “унадаг дугуйн зам болон унадаг дугуйн замын эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд…” гэдэг тодотголыг онцлон анхаарахыг ажлын хэсгээс сануулж байв.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *