Төсвийн тогтвортой байдлын тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн явцад төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ахин дахин өөрчлөх асуудал яригдсаар өнөөдөр 20 дахь удаагаа өөрчилж байгаа явдалд УИХ-ын гишүүн Ө.Шижир шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ:
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг бол төсвийг сахилга баттай байлгахад чиглэсэн хууль. Гэвч энэ хуулиа 20 удаа өөрчилнө гэдэг бол засгийн газар төсөвтэй хэрхэн харьцаж байгаагийн тод жишээ. Үе үеийн засгийн газрууд төсвийг хариуцлагагүй баталж, хариуцлагагүй зарцуулж ирснийг тогтвортой байдлын хуулийг 20 удаа өөрчилснөөс харж болно. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс санал дүгнэлт гаргаж өгсөөр байдаг. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2025 оны төсвийг батлах үеэр Сангийн сайд Тогтвортой байдлын зөвлөлийнхнийг улс төр хийлээ гэж буруутгаж загнаж байсан. Гэтэл тухайн үед төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн одоогийн нөхцөл байдлыг үүсэх эрсдэл байгааг сануулж байсан шүү дээ. Сайд нар аа? Засгийн газар анхаарах ёстой. Би сүүлийн 4 жилийн төсвийн тогтвортой байдлынхны гаргасан санал дүгнэлтийг үзлээ. Та нар төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхний үгийг нохой хуцсан чинээ тоогоогүй. Мэргэжлийн хүмүүсийн үгийг авалгүйгээр 20 дахь удаагаа төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг засаж байна. Төсвийн тодотгол ярьж эхэлснээс хойш төсвийн орлого тасрах эрсдэл нь 1,5 их наядаар тасалдах эрсдэл нэмэгдчихлээ. Намар ахиад төсөв тодотгохгүй гэх баталгаа бий юу? гэв.