Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар АНУ-д батлагдаад буй улаанбурхан өвчний тохиолдлын тоо хэмжээ 1300 хүрсэн нь сүүлийн 33 жилийн доторх хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Жонс Хопкинсын их сургуулийн зүгээс онцолжээ.
Нэгэн цагт улаанбурхан өвчнөөс бүрмөсөн ангижирсан гэгдэж байсан АНУ-д сүүлийн үед тус өвчний тархалт огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь вакцинжуулалтад хамрагдаагүй, вакцинд үл итгэх явдал болоод байгаа юм.
Жонс Хопкинсын их сургуулиас гарган танилцуулсан тайланд 2025 оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын 38 муж болон нийслэл Вашингтон хотод улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн ба хамгийн багадаа гурван хүн тус өвчнөөр амиа алдаж, 155 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвөөс мэдэгдсэнээр нийт улаанбурхан өвчний тохиолдлын дийлэнх буюу 92% нь вакцинжуулалтад хамрагдаагүй, эсвэл дархлаажуулалтад хамрагдсан эсэх нь тодорхойгүй өвчтнүүд ажээ.
Түүнчлэн Техас мужид хамгийн их буюу 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол араас нь тохиолдлын тоо хэмжээгээрээ Канзас, Нью Мехико мужууд тэргүүлж байна.
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл, 1990 онд АНУ-д улаанбурхан өвчний дэгдэлт хамгийн өндөр буюу 28000 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд халдварт өвчний эсрэг вакцинжуулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх байдлаар тэмцсэний үр дүнд 2000 оны дундуур тус өвчнөөс бүрэн ангижирснаа зарлаж байсан юм.
Гэвч улаанбурхан өвчний тохиолдлууд 2014 болон 2019 онуудад мэр сэр дэгдэх болсон бол энэ жил хамгийн олон тохиолдол ийнхүү бүртгэгдээд байна. Сүүлийн үед эрс нэмэгдэж буй улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас тус өвчний эсрэг вакцин хийлгэх иргэдийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлж байгаа нь АНУ-ын эрүүл мэндийн департаментаас гаргасан статистик тоо баримт харуулж байна.
Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины хаван болон үхэлд хүргэх аюултай улаанбурхан өвчний эсрэг хамгийн үр дүнтэй арга бол MMR вакцин юм.