Мягмар гарагт Францын өмнөд хэсгийн Марсель хотын захын хэсэгт ой хээрийн түймэр ойртож ирсэнтэй холбогдуулан орон нутгийн эрх баригчдын зүгээс иргэд, оршин суугчдыг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, дотор газар байхыг анхааруулж, мөн онцгой байдал, гал сөнөөгчид, түргэн тусламжийнханд зориулж автозамуудыг нээлттэй чөлөөтэй байлгахыг уриалсан байна.
70 км/цаг хүрч ширүүсэж буй хүчтэй салхины улмаас ой хээрийн түймэр маш хурдтайгаар газар аван тархаж байгаа бөгөөд түймэр Марсель хотын захад ойртож ирсэнтэй холбоотойгоор хотын нисэх онгоцны буудлыг хаах арга хэмжээ авч, нислэгүүдийг зэргэлдээх Ницца, Ним хотуудын нисэх буудлууд руу чиглүүлсэн байна. Марсель хотын нисэх онгоцны буудал хэзээ буцаж нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Марсель хотыг түймрийн утаа, үнс нурам бүрхээд байгаа бөгөөд хотын оршин суугчдын хэлж байгаагаар ой хээрийн түймрийн утаа хотын төвд үнэртэж байгаа гэнэ.
Хэмжээгээрээ нийслэл Парис хотын дараа бичигддэг, Францын хоёр дахь том хот болох Марсель хотын хойд хэсэгт дэгдээд буй ой хээрийн түймэр мягмар гарагийн байдлаар 350 орчим га газрыг хамран асч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Ой хээрийн түймрийг унтраах ажилд орон нутгийн 168 гал сөнөөгч, галын машинууд болон нисдэг тэргүүд ашиглан тэмцэж байгаа талаар Марсель хотын гал сөнөөх албаны зүгээс Х хуудсандаа мэдээлжээ.