Залуу бөх Б.Цэнд өчигдөр Төв аймгийн зуун мод сумын наадамд зодоглохоор очсон ч зодоглож чадаагүй. Мөн цол олгох сумын наадамд аймгийн цолтой бөхчүүд их байгааг шүүмжилж цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ингэхдээ тэрбээр “Сумын наадам бизнес болсон. Сумын цол олгох барилдаанд аймгийн цолтой бөхчүүд дүүрч байна. 10-20 сая төгрөг өгөөд мэх хийхгүй өрсөлдөгчөө унагааж байна. Ийм байхад бөхчүүд бэлтгэл хийж яах юм бэ гэж байв.
Тэгвэл сумын начин Б.Цэнд цаашид үндэсний бөхөөр барилдахаа больж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тодруулбал тэрбээр, “Барилдахаа больж байна. Үндэсний бөхөөр барилдаж хичээллэсэн цаг хугацаа минь сайхан дурсамж болоод үлдэг ээ. Энэ сайхан өв соёлоо хүмүүст сайхан сурталчилж, ойлгуулж чадсан гэж би хувьдаа бодож байна. Улсын баяр наадамд гарах хүсэл мөрөөдлийг миний барилдаж эхэлснээсээ хойш тээсэн ч өөрөөсөө болоод бүртгэлдээ амжиж чадаагүйдээ харамсаж л байна. Гэхдээ болох ёстой зүйл болдог. Болохгүй зүйл болдоггүй гэдэг дээ. Үүгээр цаашдаа үндэсний бөхөөр барилдахаа больж байгааг мэдэгдэж байна. Үзэгчийн байр сууринаас бөхчүүдээ дэмжинэ. Намайг дэмжиж байсан бас үзэн ядаж байсан хүмүүст бүгдэд нь баярлалаа. Монгол бөхийн босоо хийморь үүрд мандан бадраг ээ” гэсэн байна.