Б.Баярсайхан: Айдастай хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран Үндэсний их баяр наадамд хурдан морь унах хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийг долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Морины комиссын байранд оройн 21:00 цаг хүртэл хийнэ. Нэг өдөрт хоёр болон түүнээс дээш уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байхыг анхаарууллаа. Энэ талаар Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа.

-Хурдан морь унаач хүүхдүүд аюулгүй байдлын бэлтгэлээ хэр зэрэг базаасан байна вэ?

-Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүүхдийн нас, эцэг эхийн зөвшөөрөл, гэрээ, бүртгэл хийлгэсэн байдал, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг шалгаж байгаа. Түүнчлэн хүүхдийн хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангасан байгаа эсэхийг шалгаж байна. Хувцас хэрэглэл нь тухайн хүүхдийн биед таарсан байна уу? Малгай, тохойвч, өвдгөвч, гутал нь таарсан байна уу? зэрэгт шалгалт хийлээ. Өглөөнөөс хойш гарч байгаа зөрчлүүдэд урт сурыг хүүхдийн өмдөнд хийчихсэн, хэт урт ташуур бариулсан зэрэг зөрчил түгээмэл байна. Түүнчлэн 8 нас хүрчихсэн гэж өөрсдийгөө танилцуулж байгаа ч ярилцлагын үеэр 8 нас хүрээгүй нь мэдэгдсэн тохиолдол гарлаа. Мөн унаач хүүхдүүдийн дунд сургууль завсардсан тохиолдол цөөнгүй байна. Хэдийгээр бид өв соёлоо хүүхэд багачуудаа өвлүүлж үлдээх нь чухал боловч тухайн хүүхдүүдийг боловсрол эрүүл мэндийн хүртээмжийг алдагдуулахгүй байх нь Монголчууд бидний үүрэг билээ. Бид 1 ч хүүхдийг гэмтээхгүйгээр сэтгэл түвшин, дэлгэр сайхан наадах учиртай. Энэ тал дээр анхаарахыг эцэг эхчүүд наадамчин олондоо хандан урилъя.

-Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэл хэр зэрэг хангалттай байна вэ?

-Янз бүр байна. Зарим гал дээрээс ирж байгаа хүүхдүүдийн хамгаалалтын хувцас стандартын шаардлага хангасан байгаа бол зарим гал дээрээс ирж байгаа хүүхдүүдийн хувцас хэрэглэл стандарт хангах нь битгий хэл нэр төдий байгаа тохиолдол цөөнгүй байна. Чийгтэй нойтон оймстой, томдсон сугарсан гуталтай хүүхдүүд мэр сэр байсан. Эдгээр хувцас хэрэглэлийн стандарт хангаагүй хувцасласан унаач хүүхдүүдийг бид эцэг эхчүүдэд нь хандаж стандарт хангасан хувцастай болгож байж бүртгэсэн.

-Сэтгэл зүйчид мөн ажиллаж байгаа юу?

-Энэ жил сэтгэл зүйчдийг улс орны хэмжээнд аймаг бүрд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Морь унах гэж байгаа хүүхдүүдийн дунд их айдас байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч унаач хүүхдүүдтэй уулзаж, тэдний харцанд айдас болгоомжлол хэр зэрэг байгаа зэрэгт дүгнэлт гаргаж цаг гарган ярилцаж байгаа. Айдас ихтэй хүүхдүүдийг уралдуулахгүй байх, сэтгэл зүйн зөвлөгөө өгч тайвшруулах зэрэгт анхаарч ажиллаж байна. Уралдаад ирсний дараа мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажиллагаа үргэлжилж байгаа. Хамгийн чухал ажлуудын 1 гэж бид харж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *