“Монгол Улсын төрийн далбааны өдөр”-т зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.
Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд, жуулчид үзэж сонирхов.
Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч 22 хайрцаг болж жагссан юм.
Мөн морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, БНМАУ-ын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залав.



