Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины дайнд Москвад бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ дахин батласан байна. Тэрээр өнгөрсөн ням гарагт нийслэл Пхеньян хотноо айлчилсан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү мэдэгджээ.
Умард Солонгосын удирдагч мөн “Оросын арми, ард түмэн улс орныхоо нэр төр, үндсэн ашиг сонирхлыг хамгаалах ариун үйлсэд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.Тэрээр В.Путины “онцгой манлайллыг” магтан сайшаасан байна.
С.Лавровын БНАСАУ-д хийсэн дээрх айлчлал нь хоёр улсын хооронд батлан хамгаалах болон улс төрийн харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чиглэсэн ОХУ-ын төр засгийн өндөр албан тушаалтнуудын ээлж дараалан Умард Солонгост хийж буй айлчлалын нэг боллоо.
Ким Жон Ун, Сергей Лавров нарын уулзалт Умард Солонгосын зүүн эргийн дагуу байрлах, нээгдээд удаагүй байгаа Вонсан хот дахь аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолборт явагдсан байна.

Москвагийн зүгээс Лавровын айлчлалыг “нөхөрсөг, халуун дулаан уур амьсгалтай” явагдсаныг онцолсон байна.
Пхеньяны зүгээс Украины дайралтад өртсөн Оросын Курскийн бүсэд олон мянган цэргээ илгээж, мөн Оросын зэвсэгт хүчинд их бууны сум, пуужин нийлүүлж дэмжлэг үзүүлээд байгаа бөгөөд үүнд Сергей Лавров чин сэтгэлийн талархал илэрхийлсэн болохыг ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мөн тус мэдэгдэлд Солонгосын хойгт өсөн нэмэгдэж буй хурцадмал байдалд барууны улс орнууд буруутай гэдэгт хоёр тал санал нэгдсэн гэжээ.
