Жил бүрийн Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийн допингтой холбоотой асуудал олны анхаарлын төвд байдаг. МҮБХ бөхчүүдээс допингийн шинжилгээ аваад хэдийн 20 гаруй жил болж буй. Анх Дархан аварга А.Сүхбатаас хориотой бодис илэрч байсан бол энэ тоо өдгөө хэдийн 40 гараад байна.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгасны дагуу 21 аймаг 3 дүүргийн баяр наадмын шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авах буюу нийтдээ 96 бөхөөс допингийн шинжилгээ авна гэж мэдэгдсэн. Ийн улсын их баяр наадам болон 18 аймаг 3 дүүргийн 84 бөхөөс шинжилгээ авснаас 14 сорьцод нарийвчлан шинжилгээ хийж байгаа талаар олон нийтэд мэдээлээд буй.
Эдгээр нарийвчилсан шинжилгээнд орж буй 14 сорьцын 6-ых нь хариу ирсэн бөгөөд 4 бөхийн сорьцоос хориглосон бодис илэрсэн гэж МҮБХ-оос мэдээлээд буй юм. Харин одоогийн байдлаар ямар цолтой, хэн гэдэг бөхчүүдээс хориотой бодис илэрсэн гэдгийг олон нийтэд зарлаагүй байна.
Манай улс бөхчүүдээс авсан допингийн шинжилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот руу илгээж шинжлүүлдэг. Сорьцыг лабораторид хүргэснээс хамгийн багадаа 48 цагийн дотор хариу гардаг билээ.
Өнгөрсөн жилийн хувьд бөхчүүдийн шинжилгээ долдугаар сарын 14-нд лабораторид ирж, 48 цагийн дараа хариу гарахад дөрвөн сэжигтэй тохиолдол илэрч байв. Тодруулбал улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нарын сорьцоос хориотой бодис илэрсэн.
Шинжилгээний хариу 48 цагийн дотор гардаг ч нарийвчлан шинжлэх тохиолдолд 14-21 хоног сунжрах магадлалтай, мэргэжлийн лаборатори бүрэн шинжилж, эргэлзээгүй хариуг бидэнд өгдөг гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага онцолдог.
Хэрвээ шинжилгээнээс хориотой бодис илэрсэн тохиолдолд тухайн бөхөд өөрт нь танилцуулж, тайлбар өгөх хугацаа олгодог. Хүндэтгэх шалтгаанаар хэрэглэсэн гэвэл үүнийгээ нотлох баримт материал хүргүүлэх хугацааг дахин сунгана. Нөгөө талаас “Б” сорьц нээлгэх хүсэлт ч гаргаж болдог юм. Эдгээр процесс хэрэгжиж дууссаны дараа албан ёсоор тухайн бөхийн нэрийг зарладаг.
Үндсэндээ допингийн шинжилгээний хариу 48 цагийн дотор гардаг гэж байгаа ч бөхчүүдээс авсан шинжилгээний хариу удаж ирдэг, олон нийтэд мэдээлэх хугацаа нь ч сунжирдгийг бүгд мэднэ. Олимпын наадамд өрсөлдөж буй тамирчдаас допингийн шинжилгээ авахад хариу нь тэр дороо гардаг. Гэтэл Монголын бөхчүүдээс авсан сорьцын хариу яагаад удаж ирдэг вэ? гэдэгт олон нийт эргэлзэж, хардаж допингийн шинжилгээнд эргэлздэг болсон нь үнэн.
Удаж ирсэн хариунаас болж бүтэн жил хэрүүл тэмцэл хийдэг. Бөхийн нэрийг зарлаагүй байхад олон нийтийн цахим сүлжээгээр эрэлд гарч, хэл ам хийдэг нь ч бодит үнэн юм.
Бөхчүүд шинжилгээний хариутайгаа танилцаж тайлбарлах эсвэл “Б” сорьцоо илгээж шинжлүүлэх эрх нь байдаг ч олон улсын жишгээр А, Б сорьцыг алийг нь ч шинжилсэн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогддог.
Олон улсдаа 48 цагийн дотор хариу гардаг ч Монголд ирэхдээ яагаад уддагт бөх сонирхогчид, олон нийт эргэлзээтэй байна. Долдугаар сарын 18-нд 4 бөхөөс хориотой бодис илэрсэн гэж мэдэгдсэн өдийг хүртэл ямар цолтой, хэн гэдэг бөхчүүдээс илэрсэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг хэзээ зарлах вэ?