Вьетнам улсад аялал жуулчлалын зориулалттай жижиг усан онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хөмөрч, живсэн байна.
Тус улсын аялал жуулчлалын төв цэгүүдийн нэг болох нутгийн хойд хэсэгт оршдог Ха Лонг буланд болсон дээрх ослын улмаас хамгийн багадаа 35 хүн амиа алдаж, зарим хүмүүс сураггүй болж, аврагчид 10 хүнийг уснаас гаргаж аварсан талаар цагдаагийн газраас мэдээлжээ.
Тэдгээр аврагдсан 10 хүний 8 нь хүүхдүүд байсан талаар VNExpress мэдээлсэн байна. Ням гараг хүртэл үргэлжилсэн аврах ажиллагаанд цаг агаарын таагүй байдал саад учруулсан бөгөөд Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чин амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Засгийн газраас мөн ослын шалтгааныг нарийн мөрдөн шалгаж тогтоох болно гэдгээ мэдэгджээ.
“Wonder Seas” хэмээх уг жуулчны жижиг усан онгоцонд нийт 53 хүн зорчиж явсан бөгөөд тэдний ихэнх нь Вьетнамын нийслэл Ханой хотоос ирсэн дотоодын иргэд байсан байна.
Вьетнамын эргийн хамгаалалтын алба болон тэнгисийн цэргийн зүгээс гаргасан мэдэгдэлд тус усан онгоцыг орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн 14:00 цагийн орчимд гэнэтийн далайн шуурганы улмаас хөмөрч осолдсон болохыг мэдэгджээ.
Вьетнамын Куан Нин мужид орших олон зуун жижиг арлаас бүрддэг Ха Лонг булан тохой нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, байгалийн үзэсгэлэнт тогтоц газар бөгөөд 2019 онд 4 сая жуулчин ирж үзсэн гэсэн тоо баримт байдаг байна.