Иран болон Европын гурван улс цөмийн хэлэлцээ хийхээр тохиролцов


Иран улс Европын Их Британи, Франц, Герман улсуудтай өөрийн цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай тус улсын төрийн өмчит төв телевиз даваа гарагт мэдээллээ.

Дээрх дөрвөн улсын яриа хэлэлцээ энэ долоо хоногийн баасан гарагт Туркийн Истанбул хотноо явагдана гэж мэдээлжээ.

Энэ талаар мөн Германы дипломат албаны эх сурвалж ням гарагт мэдээлсэн байна. ХБНГУ-ын дипломат албаны эх сурвалж Их Британи, Франц, Герман улсууд энэ долоо хоногт Ирантай яриа хэлэлцээ явуулах товыг тогтоохоор холбогдож ажиллаж байгааг мэдээлсэн юм.  

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи энэхүү асуудлаар Европын дээрх гурван улсын гадаад хэргийн сайд нар болон ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас нартай утсаар холбогдон ярилцсан байна.

Тегераны хувьд цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээг эхлүүлэх олон улсын шахалтанд ороод байгаа бөгөөд дорвитой үр дүнд хүрэхгүй тохиолдолд 2015 онд цуцлаж байсан Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээг ахин эхлүүлж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм.

Үүний өмнө АНУ зуучлагч Оман улсаар дамжуулан Ирантай хэд хэдэн удаа цөмийн хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй бөгөөд 6-р сарын 13-ны өдөр Израил улс Ираны эсрэг агаарын цохилт үзүүлж, 12 өдөр үргэлжилсэн энэхүү дайнд Д.Трампын шийдвэрийн дагуу АНУ оролцож, Израилын гол гурван цөмийн байршилд томоохон асар хүчтэй B-2 бөмбөг болон олон зуун Томагавк пуужингаар цохилт үзүүлснээр Америк, Ираны хоорондох яриа хэлэлцээ зогссон билээ.

АНУ болон Израилын зүгээс Ираныг цөмийн зэвсэгтэй холбоход ойртоод байсныг онцолсон бол Иран улс цөмийн зэвсэгтэй болохын төлөө хөөцөлдөөгүй хэмээн няцаасаар байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *