Европын сүрдүүлгэд автсан Ираны дипломатчид ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзана


Иран улсын дипломатчид мягмар гарагт Ираны нийслэл Тегеран хотноо ОХУ болон БНХАУ-ын дипломатчидтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзах талаар Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаэл Багаэй мэдэгдлээ.

Мөн тэрээр мэдэгдэлдээ Иран улс одоохондоо АНУ-тай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээгээ эргэн сэргээх төлөвлөгөөгүй байгаа талаараа хэлсэн байна. Эргэн сануулахад Израил болон АНУ өнгөрсөн сард Ираныг бөмбөгдөхөөс өмнө Иран-Америкийн хооронд цөмийн хөтөлбөрийн асуудлаар нийт 5 удаагийн шууд бус яриа хэлэлцээ явуулаад байсан юм. 

Иран улсын гадаад хэргийн дэд сайд нар энэ долоо хоногийн баасан гарагт Европын гурван улстай Туркийн Истанбул хотноо уулзахаар болоод байгаа юм.

Их Британи, Франц, Герман улсуудын зүгээс ирэх сарын сүүл гэхэд Ирантай хийх цөмийн яриа хэлэлцээнээс дорвитой үр дүн гарахгүй тохиолдолд тус улсын эсрэг өмнө нь тавьж байгаад цуцлагдсан олон улсын хориг арга хэмжээг сэргээнэ хэмээн сүрдүүлээд байгаа бол дээрх асуудлаар Ираны төлөөлөгчид Орос, Хятадын төлөөлөгчидтэй ийнхүү уулзаж байна.

БНХАУ, ОХУ болон Европын дээрх гурван улс нь 2015 онд байгуулагдаж байсан Ираны цөмийн хөтөлбөрт хязгаар тогтоох байдлаар хүлээн зөвшөөрч, хариуд нь Израилын эсрэг авч хэрэгжүүлсэн олон улсын хоригийг цуцлаж байсан иж бүрэн гэрээнд оролцогч талууд бол АНУ 2018 онд буюу ерөнхийлөгч Д.Трампын засаглалын үед тус гэрээнээс гарч байсан билээ.

Даваа гарагт мөн Ираны батлан хамгаалахын сайд Азиз Насирдазех Москва хотноо ОХУ-ын батлан хамгаалахын сайд Андрей Белоусовтой Москва хотноо уулзсан бөгөөд тэд хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн болохыг Оросын хэвлэлүүд мэдээллээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *