Умард Солонгос руу ганцаарчилсан аялал хийхийг зөвшөөрөх талаар БНСУ судалж байна


Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгост зорчиж, ганцаарчилсан аялал хийхийг зөвшөөрөх талаар судлаж, хэлэлцэж байгаа талаар БНСУ-ын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гу Бён Сам даваа гарагт мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Өмнөд Солонгосын засгийн газар Умард Солонгостой харилцаагаа сайжруулах төрөл бүрийн арга хэмжээний талаар судалж, бодлого боловсруулж байгаа гэжээ.

Мөн тэрээр Өмнөд Солонгосын иргэд Умард Солонгост ганцаарчилсан аялал хийх нь олон улсын хориг арга хэмжээг зөрчөөгүй гэдгийг давхар илэрхийлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх боломжтой учраас тус улсад их хэмжээний бэлэн мөнгөний орлого оруулахыг хориглосон байдаг бол ганцаарчилсан аяллын төлбөр нь олон улсын хоригийг зөрчихгүй гэдгийг БНСУ-ын Нэгдлийн сайд хэлсэн байна.  

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюн энэ сарын 3-ны өдөр албан тушаалдаа орсны дараа, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн орших замыг нээх болно гэдгээ мэдэгдэж байсан юм.

Түүнчлэн тэрээр энэ сарын 10-ны өдөр явагдсан БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр засгийн газраас дээрх асуудлаар хэдийнээ судалгаа эхлүүлээд байгааг дурьдсан байна.   

Өмнө нь хоёр Солонгосын нэгдлийн бэлгэ тэмдэг гэгдэж байсан Умард Солонгос улсад хийх аялал 2008 оноос цуцлагдсан байдаг бөгөөд шалтгаан нь Өмнөд Солонгосын жуулчин эмэгтэй хориотой бүсэд нэвтэрсний улмаас Умард Солонгосын цэргүүдэд буудуулан амиа алдсантай холбоотой.

Харин дэлхий ертөнцөөс тусгаарлагдмал байдаг Умард Солонгос улсын хувьд ковидын хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа ОХУ болон БНХАУ-тай төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээг сэргээгээд байгаагийн сацуу сүүлийн үед гадаадын жуулчдыг татаж, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийг хичээж эхлээд байна. Энэ хүрээнд энэ сарын эхээр тус улсын зүүн эргийн Вонсан хотноо аялал жуулчлал, амралт зугаалгын зориулалттай Калма хэмээх томоохон цогцолборыг нээгээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *