Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэлийг БНСУ-ын иргэн нуун дарагдуулж байна гэв


“Аглаг бүтээлийн хийд” буюу “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ бурханч лам Г.Пүрэвбат багшийн гэрээслэлийг БНСУ-ын иргэн нуун дарагдуулж байна гэж мэдэгдээд байна.  

УЗ-ийн гишүүд ” Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн.

Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзэлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн. Мөн өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна.

Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар  нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариатчидын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариатчид бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.

Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн Ким Ён Ран, охидын хамт нуун дарагдуулж байгаад нотариатчид бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэг ч үгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй. 

Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө. Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номдоо шамдахыг уриалж байна” гэжээ. 

Харин дээрх мэдэгдлийн хариуд Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаахана дараах байр суурийг өөрийн цахим хаягт нийтлэн оруулжээ,

Үүнд,

“Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.

Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.

Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.

Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.

Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна. За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүүдээ.

Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.

Энэ бол “би” гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.

Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *