ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын гишүүнчлэлээ цуцлаж, тус агентлагаас гарна гэдгээ АНУ-ын зүгээс албан ёсоор мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй болсон” хэмээн тодотгосон байна.
Тэрээр хэлэхдээ, “ЮНЕСКО нь нийгэм болон соёлын хуваагдмал байдлыг түлхүү сурталчилж ажилладаг бөгөөд энэхүү бодлого нь “Америк Нэгдүгээрт” гэсэн манай улсын гадаад бодлоготой нийцэхгүй байна” гэжээ.
Түүнчлэн Палестиныг “гишүүн улс” хэмээн тодорхойлсон ЮНЕСКО-гийн 2011 оны шийдвэрийг тус мэдэгдэлд дурьдаж, дээрх шийдвэр нь АНУ-ын бодлогын эсрэг байгаагаас гадна тус байгууллага доторх Израилийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэхэд нөлөөлсөн хэмээн онцолсон байна.
АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдэгдэлд тус улсыг 2026 оны 12-р сарын 31-ний өдөр албан ёсоор гарах болно гэжээ.
Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашсан анхны бүрэн эрхийн хугацаандаа буюу 2018 онд АНУ-ыг мөн ЮНЕСКО-гоос гаргаж байсан бол 2023 онд ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед буцаан оруулж байсан юм.
Тэгвэл Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Парисын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ болон ЮНЕСКО-гоос ийнхүү гаргаад байна.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай АНУ-ын дээрх шийдвэртэй холбогдуулан мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ “гүнээ харамсч байгаа ч ийм шийдвэр гарахыг таамаглаж байсан” гэжээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар АНУ ЮНЕСКО-гийн нийт төсвийн 8%-ийг санхүүжүүлж байгаа ажээ.
Францын нийслэл Парис хотноо төвтэй ЮНЕСКО агентлаг 1945 оны 11-р сард байгуулагдаж байсан бөгөөд боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд энх тайван, аюулгүй байдлыг сахиулах зорилгоор, дэлхийн 194 гишүүн оронтойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.