2027 онд 100 жилд нэг удаа тохиох, 6 минут гаруй үргэлжлэх нар хиртэлт болно


Хоёр жилийн дараа 6 минут гаруй хугацаанд үргэлжлэх, 100 жил нэг удаа тохиох томоохон нар хиртэлт болох гэж байгаа талаар шинжлэх ухааны хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Энэхүү нарны бүтэн хиртэлт нь дэлхий нарнаас хамгийн хол зайд очих үед буюу нар дэлхийд хамгийн жижиг хэмжээтэй харагдах үед болох учраас хиртэлт маш удаан хугацаанд үргэлжлэх ажээ.

Огторгуйн шинжлэх ухааны Space.com вебсайтад мэдээлснээр 2027 оны 8-р сарын 2-ны өдөр тохиох уг нарны бүтэн хиртэлт 6 минут 23 секунд үргэлжлэх бөгөөд Европын өмнөд хэсэг, Хойд Африк, Ойрхи Дорнодын бүс нутагт ажиглагдах болно.

Эх сурвалжуудын онцолсноор уг нар хиртэлтийг Египетийн Луксор хотод хамгийн сайн ажиглах боломжтой юм байна. 

Хамгийн сүүлд 1991 онд удаан хугацаанд үргэлжилсэн нар хиртэлт болж байсан бол үүний дараагийн томоохон нэр хиртэлт 2114 онд болох ажээ.

Нар болон дэлхийн хооронд сар орж нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсэгт халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг нар хиртэлт гэдэг ба ихэвчлэн 10 секундээс цөөн хэдэн минутын хугацаанд үргэлжилдэг бол 6-гаас дээш минутаар урт хугацаанд үргэлжилдэг нар хиртэлт ховор тохиодог байна.

Хамгийн урт хугацаанд буюу 7 минут 28 секунд үргэлжилсэн нар хиртэлт МЭӨ 743 оны 7-р сарын 15-нд Энэтхэгийн далайн орчимд тохиож байсныг эрдэмтэд олж тогтоосон талаар Forbes сэтгүүлд бичсэн байна. Харин онолын хувьд байж болох хамгийн урт нар хиртэлт 7 минут 32 секунд үргэлжлэх боломжтой ба 2186 оны 7-р сарын 16-ны өдөр 7 минут 29 секунд үргэлжлэх нар хиртэлт болох юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *