Тайланд, Камбожийн хил дээр пүрэв гарагт үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 12 хүн амь үрэгдээд байгаа талаар Тайланд улсын зүгээс мэдэгдсэн бол Камбожийн талаас хохирлын талаар албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй байна.
Тайландад амиа алдсан 12 хүний 1 нь цэрэг, бусад нь энгийн иргэд байсан бол мөн 35 хүн шархдаж, бэртэж гэмтсэн байна.

Энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын хилийн ойролцоо орших газар нутгийн маргаантай зургаан байршилд болж байгаа бөгөөд хоёр талын хооронд сүүлд үүсээд буй улс төрийн маргаанаас үүдэн дипломат харилцааны түвшинг бууруулсны дараа зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.
Тодруулбал, Тайландын 5 хилийн цэрэг газрын минад өртөн гэмтсэний дараа Тайландын зүгээс тус улсад суух Камбожийн элчин сайдыг хөөж, Камбож улсад өөрийн элчин сайдыг эгүүлэн татсан бол Пном Пенийн зүгээс мөн ижил арга хэмжээг авсан ба үүнээс хэдхэн цагийн дараа зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна.
Камбож улс Тайланд руу пуужин харваж, их буугаар галласан бол Тайландын зэвсэгт хүчин F-16 сөнөөгч онгоцоор Камбожийн цэргийн байрлалуудад агаарын цохилт өгчээ. Тайландын хилийн ойролцоох бүсээс 40,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бол Камбожийн батлан хамгаалах яамны зүгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзжээ.

Хоёр улсын хоорондох газар нутгийн маргаан олон арван жил үргэлжилж байгаа бөгөөд одоогоос 15 жил гаруйн өмнө томоохон цуст мөргөлдөөн болж байсан бол сүүлд өнгөрсөн 5-р сард зөрчилдөөн ахин сэргэж, нэг камбож цэрэг амиа алдсан билээ.
Харин энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэсэн өөр нэг шалтгааныг Тайландын ерөнхий сайд Петонгтан Чинаватын Камбожийн ерөнхий сайд асан Хун Сентэй удаан хугацаанд үргэлжилсэн газар нутгийн маргааны талаар ярилцах үеэрээ түүнийг “авга ах” хэмээн дуудан харьцаж, мөн яриандаа Тайландын цэргийн удирдагчийг өөрийнхөө “өрсөлдөгч” хэмээн хэлж байгаа утасны бичлэг ил болсонтой холбон тайлбарлах ч хүмүүс байна.
Утасны бичлэг ил болсны дараа Тайландын ерөнхий сайд Петонгтан Чинаватын бүрэн эрхийг түдгэлзүүлж, түүнийг албан тушаалаас огцруулах асуудлыг Тайландын Үндсэн хуулийн шүүх авч үзэж байгаа юм.
Пүрэв гарагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнд хоёр тал харилцан нэгнээ буруутгаж, өөрийгөө хамгаалах үүднээс цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тайлбарлаж байна. Камбож улсын ойрын түнш болох БНХАУ-ын зүгээс зэвсэгт мөргөлдөөнд “гүнээ түгшиж” буйгаа илэрхийлж, яриа хэлэлцээ хийхийг уриалж, Камбож дахь иргэдээ Тайландын хилийн орчмоос холдож, зайлсхийхийг уриалжээ. Мөн Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим хоёр талыг “зэвсгээ буулгаж”, дипломат яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдвэрлэхийг уриалсан байна. Өдгөө Малайз улс АСЕАН-ыг даргалж байгаа бөгөөд Тайланд, Камбож улсууд нь хоёулаа АСЕАН-ы гишүүн орнууд билээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баасан гарагт Тайланд, Камбожийн хооронд үүсээд буй нөхцөл байдлын асуудлаар яаралтай хурал хийхээр болсон байна. Тайланд болон Камбож улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус тус захидал илгээж, холбогдох асуудлаар хуралдуулах хүсэлт гаргажээ.