Францын ерөнхийлөгч Э.Макрон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдэв


Францын ерөнхийлөгч Э.Макрон пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Франц улс Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх болно гэжээ.

Мөн тэрээр Газын зурваст үргэлжилж буй дайныг нэн даруй зогсоон өндөрлүүлж, тус бүс нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зохицуулах зайлшгүй шаардлагатайг тодотгосон байна.

Францын төрийн тэргүүн өөрийн Х хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай албан ёсны мэдэгдлийг ирэх 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганы индэр дээрээс хийх болно гэлээ.

2023 оны 10-р сард Хамас бүлэглэлийн гэнэтийн довтолгоонд өртсөн Израил улсад дэмжлэг туслалцаа үзүүлэх санал тавьж, мөн антисемитизмын эсрэг нээлттэй үзэл бодлоо илэрхийлж ирсэн Францын ерөнхийлөгч Э.Макрон сүүлийн саруудад Газын зурваст явуулж буй Израилын дайныг эрс эсэргүүцэж, хурцаар шүүмжлэх болсон юм.

Тэрээр пүрэв гарагийн мэдэгдэлдээ “Ойрхи Дорнодод шударга, тогтвортой энх тайвныг тогтоох түүхэн амлалтаа харгалзан, Франц улс Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх шийдвэрт миний бие хүрлээ” хэмээн бичсэн байна.

Мөн тэрээр Палестины ерөнхийлөгч Махмуд Аббаст өөрийн шийдвэрийг танилцуулсан албан захидал илгээснээ Х хуудсандаа давхар нийтэлжээ. Палестины ерөнхийлөгчийн орлогч Хуссейн аль Шейх Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр болсон шийдвэрийг таатай байдлаар хүлээн авч буйгаа илэрхийлж, Францын ерөнхийлөгч Э.Макронд талархал илэрхийлжээ.

Палестины ард иргэд ч мөн бусад улс орнууд Францын энэ жишгийг дагана гэдэгт итгэж, найдаж байгаагаа илэрхийлснийг Францын AFP мэдээллийн агентлагийн сурвалжлах баг мэдээлсэн байна.

Хамас зэвсэгт бүлэглэлийн зүгээс мөн Францын энэхүү шийдвэрийг “эерэг алхам” хэмээн нэрлэж, хүлээн авч байгаагаа мэдэгдэж, дэлхийн бусад улс орнуудыг үүнтэй ижил арга хэмжээ авахыг уриалжээ.

Харин Израил улсын шадар сайд хийгээд хуульзүйн сайд Ярив Левин Францын шийдвэрийг эрс эсэргүүцэж, “терроризмыг шууд утгаараа дэмжсэн, Францын түүхэнд хар толбо болж бичигдэж үлдэх үйлдэл боллоо” хэмээн хурцаар шүүмжилсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө НҮБ-ын 193 гишүүн орны 142 нь Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн, аль эсвэл хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа бөгөөд Франц улс нь Палестиныг хүлээн зөвшөөрөөд буй Европын хамгийн хүчирхэг их гүрэн юм.

Францын гадаад хэргийн сайд мөн ирэх долоо хоногт НҮБ-ын төв байранд Израил, Палестины хоорондох “хоёр улс зэрэгцэн орших” шийдлийн талаарх бага хурлыг бусад улс орнуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *