Associated Press, Reuters, BBC, Agence France-Presse зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын зүгээс сэтгүүлчдийг нь Газын зурваст нэвтрүүлж, мөн тус бүсээс гаргахыг Израил улсад уриалсан хамтарсан мэдэгдлийг пүрэв гарагт гаргажээ.
Олон улсын медиа агентлагууд хамтарсан мэдэгдэлдээ “өөрийгөө болон гэр бүлээ тэжээх чадваргүй болсон Газын сэтгүүлчдэд бид маш их санаа зовж байна, дайн тулаантай бүсэд ажиллаж буй сэтгүүлчид олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарч, даван туулдаг, өлсгөлөнд нэрвэгдэх аюул тэдний нэг болж байгаад бид гүнээ түгшин, харамсч байна” гэжээ.
Мөн Газын зурвас дахь сэтгүүлзүйн салбарын үйл ажиллагаа “устахад” тун ойрхон ирээд байгааг сануулж, “бид Израилын эрх баригчдаас Газын зурваст сэтгүүлчдийг нэвтрүүлж, гаргахыг дахин уриалж байна, Газа дахь хүмүүст хүнсний хангамж хангалттай хүрч очиж байх нь нэн чухал” хэмээн мэдэгдлээ дуусгасан байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын зүгээс энэ сарын эхээр гаргасан тайландаа Израил-Хамасын дайн эхэлснээс хойш дотоод, гадаадын 200 гаруй сэтгүүлч Газын зурваст амиа алдсан талаар онцолсон юм.
Израил улс зарим сэтгүүлчийг “террорист үйл ажиллагаа” явуулсан хэмээн буруутгаж, мөн Катар улсын Аль Жазира агентлагийн үйл ажиллагаа, мэдээ сурвалжлагыг Израил улсад хориглосон билээ.

Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын хилийг хааж битүүмжилснээс хойш энгийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн бол цаг хугацаа явах тусам тэнд ажиллаж буй олон улсын байгууллагуудын ажилтнуудын нөхцөл байдал ч хүндэрч эхлээд байгаа нь ийнхүү олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын пүрэв гарагт гаргасан дээрх хамтарсан мэдэгдлээс тодорхой харагдаж байна.
Үүний өмнө хүний эрх болон хандив, тусламжийн 100 гаруй олон улсын байгууллагын зүгээс мөн хамтарсан мэдэгдэлд Газын зурвас дахь 2 сая гаруй хүн “үй олноороо өлсөж үхэх” аюулд ороод байгааг сануулсан билээ.