АНУ, ЕХ худалдааны тохиролцоонд хүрэв


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоотой тарифын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ.

Д.Трамп Шотландад 5 хоногийн хугацаанд зочилж байгаа бөгөөд ням гарагт Шотландын Өмнөд Айршайр дахь Турнберри гольфийн цогцолборт Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй уулзсаны дараа тэд хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.

Өмнө нь Д.Трамп Вашингтоны зүгээс 8-р сарын 1-нээс эхлэн ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 30 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдэж байсан бол энэ удаад ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 15 хувийн тариф тогтоохоор болсныг мэдэгдэв.

Трамп мэдэгдэлдээ автомашинаас эхлээд хүнс хүртэл бараг бүхий л бараа бүтээгдэхүүн энэхүү тарифт хамрагдах боловч ган төмөр, хөнгөнцагааны импортод өмнө нь тогтоосон 50 хувийн тарифт өөрчлөлт орохгүй гэжээ.

Мөн тэрээр энэхүү тохиролцооны хүрээнд ЕХ 750 тэрбум ам.доллартай тэнцэх эрчим хүчийг АНУ-аас худалдан авч, тус улсад 600 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт хийх бөгөөд ЕХ-ны бүх гишүүн орнууд АНУ-тай гаалийн татваргүй худалдаа хийх (зарим тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн) нээлттэй болно гэж мэдэгдлээ.

Трамп ЕХ-той байгуулсан тохиролцоог хэмжээ, цар хүрээний хувьд хамгийн том гэрээ хэлэлцээр болсон хэмээн тодотгожээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мөн “нэлээд хүнд яриа хэлэлцээний” дараа дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд “нүсэр том” худалдааны гэрээ байгуулагдсаныг онцолж, уг гэрээ нь тогтвортой байдал болон урьдчилан таамаглах боломжтой тодорхой байдлыг авчрах болно гэлээ.

Ийнхүү сүүлийн хэдэн сарын турш худалдааны асуудал дээр эсрэгцсэн байр суурьтай байсан АНУ, ЕХ-ны хооронд тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулахаар болсон нь Америкийн худалдааны алдагдлыг нөхөх зорилгоор тарифын дайн эхлүүлсэн Трампын хувьд томоохон ялалт болоод байгаа бол ЕХ-ны хувьд томоохон худалдааны түншлэлийн харилцаагаа эерэг хийгээд тэнцвэртэйгээр хадгалж үлдсэн нь энэхүү хэлэлцээний гол үр дүн байлаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Тохиролцооны дагуу ойрын гурван жилд Америкаас импортлох шингэрүүлсэн байгалийн хий, газрын тос, цөмийн түлш зэрэг нь ЕХ-ны Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг багасгахад туслах болно хэмээн Урсула фон дер Лейен онцолжээ.

Түүнчлэн нисэх онгоц, нисэх онгоцны сэлбэг, эд анги, зарим нэр төрлийн химийн бодис болон ХАА-н зарим бараа бүтээгдэхүүн тарифаас чөлөөлөгдөхөөр болсон бол АНУ, ЕХ-ны хоорондох хагас дамжуулагчийн худалдааг зохицуулах тусдаа гэрээг удахгүй танилцуулахаар болжээ.

Өнгөрсөн жил хоёр талын хоорондох нийт худалдааны хэмжээ 976 тэрбум ам.доллар байснаас АНУ-ын импортын хэмжээ 606 тэрбум ам.доллар, ЕХ-ны импортын хэмжээ 370 тэрбум ам.доллар байсан байна. Энэхүү худалдааны тэнцвэрт бус байдал нь өндөр тарифаар сүрдүүлэн, худалдааны шинэ гэрээ байгуулахад хүргэсэн Трампын гол хөдөлгөгч хүч байсан юм. 

Трампын засаг захиргаа үүний өмнө Их Британи, Япон, Индонез, Филиппин болон Вьетнам улсуудтай худалдааны гэрээ байгуулаад байгаа бөгөөд дэлхийн улс орнуудыг өндөр тарифаар сүрдүүлэн тогтоосон түүний эцсийн хугацаан энэ долоо хоногийн баасан гарагт дуусгавар болох болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *