Тайланд, Камбож улсууд Трампын шахалтын улмаас хэлэлцээ хийхээр болжээ


Өнгөрсөн долоо хоногт Тайланд болон Камбож улсын хилийн орчимд зэвсэгт мөргөлдөөн гарч, үүний улмаас наад зах нь 34 хүн амь үрэгдэж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр улсад үзүүлсэн шахалтын дагуу Тайланд, Камбожийн удирдагчид даваа гарагт хөрш зэргэлдээх Малайз улсад уулзаж, хэлэлцээ хийхээр болсон талаараа мэдэгджээ.

Д.Трамп өнгөрсөн бямба гарагт сөргөлдөгч хоёр улсын удирдагчидтай холбогдож, нэн даруй галаа зогсоохыг уриалсан бөгөөд эсрэг тохиолдолд дээрх хоёр улсад ногдуулсан 36 хувийн тарифыг бууруулах асуудлаар ямар нэгэн хэлэлцээ хийхгүй хэмээн хэлсэн байна.

Тайландын ерөнхий сайдын албаны зүгээс ням гарагт мэдэгдсэнээр тус улсын ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Фумтам Вечаячай тэргүүтэй төлөөлөгчид яриа хэлэлцээнд оролцоно гэсэн бол Малайзын нийслэл Куала Лумпур хотноо явагдах уулзалтад оролцох Камбожийн төлөөлөгчдийн багийг тус улсын ерөнхий сайд Хун Манет тэргүүлэхээр болжээ.

2025 онд АСЕАН-ыг тэргүүлж буй Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахим хоёр талын хоорондох зуучлагчийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Ийнхүү 4 хоногийн хугацаанд үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнөө өндөрлүүлэх яриа хэлэлцээг зохион байгуулахаар болоод байгаа Тайланд, Камбож улсуудын зүгээс мөн нөхцөл байдалд санаа тавьж, хүчин чармайлт гаргасан явдалд АНУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ. Гэхдээ ням гарагийн шөнө талууд харилцан гал солилцсоор байсан байна.

Түүнчлэн Трампыг хөндлөнгөөс оролцохоос өмнө Малайз, НҮБ-ын зүгээс нэн даруй гал зогсоохыг уриалж, НҮБ-д суугаа Камбожийн элчин сайд Чхеа Кео “нэн даруй гал зогсоож, маргааныг тайван замаар шийдвэрлэхийг хүсч байна” хэмээн илэрхийлж байсан юм. Камбож улс Трампын нэн даруй гал зогсоох уриалгыг хүлээж авсан бол Тайландын зүгээс хоёр тал яриа хэлэлцээ явуулах зайлшгүй шаардлагатай болохыг онцолсон байна.

Тайланд, Камбож улсууд эртнээс сөргөлдөж ирсэн түүхтэй бөгөөд энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөнд харилцан нэгнээ буруутгаснаас гадна Камбож улс Тайландын зэвсэгт хүчинг их бууны кластер сум ашигласан хэмээн буруутгасан бол Тайландын зүгээс Камбожийг иргэний дэд бүтэц, эмнэлэг зэргийг байгаа болгон довтолсон хэмээн буруутгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *