Германд галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсэджээ


Ням гарагт ХБНГУ-ын баруун өмнөд хэсгийн Баден-Вюртемберг мужийн Ридлинген хотын ойролцоо галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 3 хүн амь эрсдэж, олон хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Германы Bild сонинд мэдээлснээр 50 орчим зорчигч бэртэж гэмтсэн гэжээ.

Зорчигч тээврийн галт тэргийн осол орон нутгийн цагаар ням гарагийн 18:10 цагийн үед болсон бөгөөд осол гарах үед хоёр вагон бүхий тус галт тэргэнд ойролцоогоор 100 хүн зорчиж явсан талаар Германы DPA мэдээний агентлаг мэдээлж байна.

Төрийн өмчит Deutsche Bahn компанийн зүгээс Зигмаринген-Ульм чиглэлийн тус галт тэргийг ойн дундуур явж байхдаа осолдсон болохыг мэдээлжээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байгаа ба осол гарах үед хүчтэй салхи, шуурга болсон байна. Ослын зургууд дээр булгарч унасан мод харагдаж байгаа бөгөөд Германы хэвлэлүүд хөрсний гулсалтын улмаас галт тэрэг замаасаа гарч осолдсон байх магадлалтай хэмээн бичиж байна.

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын хэрэг дээр дотоод хэрэг болон зам тээврийн сайд нартай ойр холбогдон ажиллаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг үүрэгдсэн талаараа өөрийн Х хуудсандаа бичжээ.

Германы иргэд тус улсын нийтийн тээврийн хуучирсан дэд бүтцийг шүүмжилж, галт тэрэгний саатал байнга гардаг, техникийн төрөл бүрийн асуудалтай тулгардаг хэмээн тогтмол гомдоллодог байна.

2022 оны 6-р сард Германы Бавари мужийн Альпийн нурууны нэгэн амралтын газрын ойролцоо галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон арван хүн шархдаж байсан бол 1998 онд Германы Эшеде хотод төрийн өмчит Deutsche Bahn компанийн өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 101 хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний амь нас хохирсон төмөр замын осол болж байсан юм.

ХБНГУ-ын засгийн газар ойрын жилүүдэд нийтийн тээврийн дэд бүтцийг шинэчлэхэд хэдэн зуун тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх амлалтыг өгөөд байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *