Израил улс Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч эхэллээ


Израилын зэвсэгт хүчин Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд даваа гарагт 10 цагийн хугацаанд цэрэг, дайны үйл ажиллагаагаа түр зогсоох арга хэмжээг авахаар болсноо ням гарагт зарлажээ.

Тус мэдэгдэлд Израилын зэвсэгт хүчин орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:00 цагаас оройны 20:00 цагийн хооронд, Газын зурвасын нүүлгэн шилжүүлэгдсэн дийлэнх иргэдийн амьдарч буй эргийн дагуух нутгуудад цэргийн үйл ажиллагаагаа зогсоож, “тактикийн завсарлага” авна гэдгээ мэдэгдсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар холбогдох дараагийн мэдэгдлийг хийх хүртэл ийнхүү Израилын зэвсэгт хүчин өдөр бүр дээрх цагуудад цэргийн үйл ажиллагаагаа түр зогсоохоор болоод байна. 

Энэ хугацаанд Газын зурваст НҮБ-ын болон бусад олон улсын хандив, тусламжийн байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлэх аюулгүй замыг нээх болно гэжээ. Хүнсний тусламжийн цувааг Египеттэй хиллэдэг Рафах боомтоор орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 06:00 цагаас 23:00 цагийн хооронд нэвтрүүлэхээр болсон байна.

Мөн Израилын цахилгаан дамжуулах шугамыг Газын зурвасын ус цэвэршүүлэх үйлдвэрт холбосон болохыг мэдэгджээ.

Түүнчлэн Йордан болон АНЭУ-ын зэвсэгт хүчний зүгээс гурил, элсэн чихэр, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн зэргийг багтаасан хүнсний багцуудыг олноор нь агаараас шүхрээр буулгах үйл ажиллагааг явуулсан талаараа мэдээллээ. Хоёр улсын хамтарсан энэхүү үйл ажиллагааны үеэр нийт 25 тонн хүнсний тусламжийг гурван удаагийн нислэгээр Газын зурваст агаараас шүхрээр буулгажээ.

Олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга, шахалтын улмаас ийнхүү Израил улс Газын зурваст богино хугацаанд, зарим байршлууд дахь цэргийн ажиллагаагаа түр зогсоон, хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлж эхэллээ. Гэхдээ Израилын зэвсэгт хүчний зүгээс олон улсад мэдээлж байгаа шиг палестинчууд үй олноороо өлсөж үхэх аюулд тулж ирсэн зүйл огт байхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс Израилын цэргийн ажиллагаагаа түр зогсоох шийдвэрийг хүлээн авч буйгаа мэдэгдсэн ч Газын зурвасын хоёр сая хүн амын гуравны нэг нь хэд хоногийн турш огт хоол идээгүй, дөрөвний нэг нь “өлсгөлөнтэй төстэй нөхцөл байдалд байгаа” хэмээн мэдэгджээ. Мөн сүүлийн хэдхэн өдрийн дотор 100 гаруй хүн тэжээлийн дутагдлын улмаас амиа алдсан болохыг Газын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “хэдийгээр Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал нь дан ганц АНУ-ын бус, олон улсын асуудал боловч АНУ Газын зурваст илгээх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх болно” гэжээ.

Харин Хамас бүлэглэлийн зүгээс Израилын эхлүүлээд буй энэхүү арга хэмжээг буруушааж, Израил улсыг цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгааг тодотгожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *