БНАСАУ Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Мэдээлэл, олон нийттэй харилцах департаментын дэд дарга Ким Ё Жон даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгос улсад БНСУ-тай яриа хэлэлцээ явуулах ямар ч сонирхол байхгүй гэв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн өнгөрсөн сард сонгуульд ялалт байгуулж, албан тушаалдаа орсон цагаасаа эхлэн Умард Солонгос улстай харилцаагаа сэргээх үүднээс тус улсын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогыг зөөлрүүлэх болсон юм.

Жишээлбэл, Умардын хөөргөсөн, дотор нь элдэв янзын хог хийсэн олон тооны агаарын бөмбөлгийн эсрэг хилийн дагуух чанга яригчаар суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж байсан явдлыг зогсоосноос гадна Умард Солонгос улсад ганцаарчилсан аялал хийх явдлыг зөвшөөрөх гэх зэрэг асуудлыг судлаж байгаа ажээ.

Гэвч Өмнөд Солонгосын иймэрхүү үйл ажиллагаагаар “хоёр улсын хоорондох хүйтэн харилцаа гэсэн үг биш, Сөүл ямар бодлого баримталж, ямар ч санал гаргасан бид сонирхохгүй, БНСУ-тай уулзах шалтгаан, хэлэлцэх асуудал ч байхгүй, энэхүү албан ёсны байр суурийг дахин нэг удаа тодруулж байна, хэдхэн сэтгэл хөдөлгөм үгээр болж өнгөрсөн бүхнийг эргүүлж чадна гэж бодож байгаа бол үүнээс илүү ноцтой буруу тооцоолол гэж үгүй” хэмээн Ким Ё Жон даваа гарагт англи хэл дээр мэдэгдсэнийг Умард Солонгосын төрийн төв цахилгаан мэдээний агентлаг дамжуулсан байна.

1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайн энхийн гэрээ биш эвлэрлийн гэрээгээр гал зогсоож байсан тул Умард болон Өмнөд Солонгос улсууд техникийн хувьд өнөөдөр ч дайны байдалтай хэвээрээ байгаа юм.

Өмнөд Солонгосын аюулгүй байдлын гол холбоотон түнш болох АНУ нь цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын довтолгооноос хамгаалахын тулд тус улсад 28,000 орчим цэргээ байршуулсан байдаг.

Импичментээр огцорсон БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаглалын үед буюу сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа хамгийн муу түвшинд хүрч, царцсаны дараагаар Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн Умард Солонгостой аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийх болно хэмээн мэдэгдсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *