Турк улсад олон долоо хоногийн турш үргэлжилж байгаа ой хээрийн түймрийн улмаас тус улсад хэмжээгээрээ дөрөвт жагсдаг Бурса хот эрсдэлтэй, аюултай нөхцөл байдалд ороод байна.
Ням гарагт тус хотод түймрийн улмаас 2 хүн амиа алдаж, 3500 гаруй оршин суугчийг албадан нүүлгэн шилжүүлэхэд хүрэв.
Турк улсын баруун хойд хэсэгт орших Бурса хотын зүүн захаар ой хээрийн түймэр хурдтайгаар газар аван орж ирсэн байна.

Өнгөрсөн 6-р сараас эхлэн Туркт өдөр бүр гарч байгаа ой хээрийн түймрийн улмаас өнгөрсөн баасан гарагт баруун нутгийн Измир болон Билежик хэмээх хоёр мужид гамшгийн онц байдал зарлажээ.
Тус улсын Ойн сайд Ибрахим Юмаки ням гарагийн үдэш сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Бурса хотнын зүүн болон зүүн хойд хэсгийн 3515 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан бөгөөд тухайн хэсэгт асч буй түймрийг унтраахаар 1900 гаруй гал сөнөөгч тэмцэж байгааг хэлсэн байна.
Мөн нэг гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зүрхний шигдээсээр нас барсан болохыг Бурса хотын дарга Мустафа Бозбей мэдээлжээ. Түүний хэлснээр Бурса хотын ойр орчимд нийт 3000 га газар түймэрт шатаж, сүйдээд байгаа гэнэ.

Бурса хотоос гадна мөн Туркийн Карабук болон Кахраманмарас хотуудад томоохон түймэр асч байгаа бөгөөд хэт халалт, хуурай цаг агаар болон хүчтэй салхи зэрэг нь ой хээрийн түймрийн гаралтыг улам дэмжин өдөөж, газар аван асах гол шалтгаан болоод байна.
Туркийн Цаг уур судлалын ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт тус улсын зүүн өмнөд хэсгийн Ширнак мужид хамгийн өндөр буюу цельсийн +50.5 хэмийн температур бүртгэгдэж, шинэ дээд хэмжээг тогтоосон байна. Түүнчлэх энэ сард тус улсын өөр бусад 132 байршилд агаарын хэмийн дээд хэмжээ шинэчлэгдэн тогтоогдож, хэт халалт үргэлжилсэн сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд 15 хүн амиа алдсаны 10 ойн ажилтнууд болон сайн дурын аврагчид байжээ.
Туркээс гадна Европын Грек, Болгор, Серб, Монтенегро улсууд мөн хэт халалт, хуурай цаг агаар, ган гачиг, хүчтэй салхинаас үүдэлтэй ой хээрийн түймрийн эсрэг тэмцэж байна.