ТЦА-аас баяр, наадмын үеийн нөхцөл байдал, зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Орон нутгийн замын 157 цэгт 403 албан хаагч 06-дугаар сарын 02-ны өдрөөс энэ сарыг хүртэлх хугацаанд 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурав нь буюу 131,143 тээврийн хэрэгсэл зөрчилтэй гэх тоо гарсан байна. Тодруулбал зуны улирлын дугуйгаа суулгаагүй, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн, хурд хэтрүүлсэн, эгнээ байр буруу эзэлсэн, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсэн зэрэг зөрчил илэрчээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Орон нутгийн замд осол аваар их гардгийн нэг шалтгаан нь замын байгууламж байдаг. Тиймээс ТЦА-аас орон нутгийн замы эвдрэл гэмтлийн шуурхай засваруулах зорилгоор 165 удаагийн албан мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний үр дүнд 9060 метр замын тэмдэглэгээг тодруулж, авто замын эвдрэл гэмтэлтэй 36,800 метр куб замд засвар арчлалтыг хийлгэж, гүйцэтгэсэн. Мөн нийтдээ 111 замын тэмдэг тэмдэглэгээг сольж, 272 тэмдэг засварлаж, шинээр 416 тэмдэг тэмдэглэгээг байршуулсан.
“Дүрмээ мөрдье” аяны хүрээнд зам тээврийн ослын тоо мөн оны үеэс 17,8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан. Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман хүн амь насаа алдсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс гэмтсэн хүний тоо 50 гаруй хувь, нас барсан хүний тоо 60 хувиар буурсан үзүүлэлтэй байна” гэлээ.