“Хар мамба” хочит, сагсанбөмбөгийн домогт тамирчин Коби Брайнтын NBA-ын “Лос Анжелес Лейкерс” багийн гарааны бүрэлдэхүүнд гарч анх удаа тоглож байхдаа өмсөж байсан “Adidas EQT Top Ten 2000” пүүзийг “SCP” дуудлага худалдаагаар 240,000 ам.доллараар заржээ.
Түүний хувьд 1997 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Лейкерсийн гарааны бүрэлдэхүүнд багтаж “Даллас Маверикс” багийн эсрэг тоглосон түүхтэй. Тэрээр энэ тоглолтод 12 оноо, самбараас 3 бөмбөг таслалт, 2 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд 102:83 харьцаагаар Лейкерс хожиж байв.
Коби Брайнт мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчны замналдаа НБА-ын аваргын цомыг 5 удаа хүртэж, АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар 2008, 2012 оны Олимпын аварга болж мөн НБА-ын “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож байсан агуу тамирчин юм.
Тэр 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр охины хамт онгоцны ослоор амиа алдсан билээ.
