Өнгөрсөн долоо хоногт хилийн орчмоор гарсан зэвсэгт мөргөлдөөнд харилцан нэгнээ буруутгасан Тайланд, Камбож улсууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.
Даваа гарагт Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Тайландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Фумтам Вэчаячай, Камбожийн ерөнхий сайд Хун Манет нар хэлэлцээ хийж, нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд яриа хэлэлцээний зуучлагч болох энэ жил АСЕАН-ыг даргалж буй Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахим талуудыг “урьдчилсан нөхцөлгүй, нэн даруй гал зогсоохоор тохиролцсон” болохыг мөн өдөр зарлан мэдэгджээ.
Гал зогсоох яриа хэлэлцээнд мөн АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон байна.
Ийнхүү 5 хоногийн хугацаанд үргэлжилж, хоёр талд 30 гаруй хүн амь үрэгдэж, 300 мянга орчим хүнийг мөргөлдөөнтэй нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн тулааныг мягмар гарагаас эхлэн зогсоохоор болоод байна.
Өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Тайланд улсад 20 хүн амь үрэгдэж, 140 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн бол Камбож улсад 13 хүн амь үрэгдэж, 135 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хоёр улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөнөө зогсоохыг мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шаардаж, галаа зогсоохгүй тохиолдолд сөргөлдөгч хоёр улсын эсрэг тогтоосон 36%-ийн тарифыг буулгах яриа хэлэлцээ хийхгүй хэмээн сүрдүүлж байсан юм.
Тэгвэл хоёр талын гал зогсоох тохиролцооны дараа Д.Трамп өөрийгөө “хагас жилийн дотор олон дайн тулааныг зогсоосон, энх тайвныг тогтоогч ерөнхийлөгч” гээд, түүний оролцоотойгоор Тайланд, Камбож улсууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ хэмээн өөрийгөө дөвийлгөсөн сүржин мэдэгдлийг гаргасан байна.
Тайланд, Камбожийн зэвсэгт хүчний коммандлагч нарын зүгээс мягмар гарагт албан бус уулзалтыг явуулж эхлээд байгаа бол мөн хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид хилийн асуудлаар яриа хэлэлцээ хийхээр болжээ.
Яриа хэлэлцээг зуучилсан Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахим хэлэхдээ, Малайз улс болон АСЕАН-ы гишүүн орнууд энэхүү гал зогсоох тохиролцооны хэрэгжилтийг ажиглан хянаж ажиллах болно гэжээ.
Тайланд, Камбож улсууд хил орчмын бүс нутаг дахь газар нутгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй, буулт хийхгүй байх байр сууриа хадгалсан хэвээрээ байгаа тул одоо олон улсын зүгээс талуудыг хурцадмал байдлаа намжааж чадах эсэх дээр анхаарал хандуулж байна.