Трамп ОХУ-д тавьсан гал зогсоох тулган шаардалтын хугацаагаа наашлуулав


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын дундуур ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандаж 50 хоногийн хугацаанд Украинд гал зогсоохыг уриалсан бөгөөд дээрх хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд ОХУ-ын эсрэг болон тус улстай худалдаа хийдэг бусад улс орнуудад эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өндөр тариф ногдуулах болно хэмээн сүрдүүлсэн билээ.

Тэгвэл Шотландад зочилж буй Д.Трамп даваа гарагт Турнберри хотноо Их Британийн ерөнхий сайд Кир Стармертэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын ерөнхийлөгчид урам хугарч байгаа тухайгаа ахин илэрхийлж, дээрх 50 хоногийн хугацаагаа багасгана гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрээр хэлэхдээ, “өнөөдрөөс эхлэн /2025.07.28/ миний бие ОХУ-д 10-12 хоногийн шинэ хугацаа өгч байна, удаан хүлээх ямар ч шаардлага байхгүй, би өгөөмөр байхыг хүсч байгаа ч ямар ч ахиц дэвшил олж харахгүй байна” гэжээ.

Дээрх хугацаанд ОХУ гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултад тэрээр “эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өндөр тариф ногдуулж, Оросоос бараа бүтээгдэхүүн импортлодог улс орнуудад давхар тариф ногдуулах болно” гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч мөн В.Путинтэй ахиж ярилцах сонирхолгүй болсноо хэлсэн байна. Тэд нэгнээ харилцан хүндэтгэсэн, ойлгосон, сайхан зүйлсийг утсаар холбогдон ярилцдаг ч маргааш өглөө нь Оросын тал Украиныг бөмбөгдөж, цус урсгадаг бөгөөд энэ байдал олон удаа давтагдсан учраас дахин Путинтэй ярилцах сонирхолгүй болсноо Д.Трамп ярьжээ.

Трампын энэхүү мэдэгдлийг нааштайгаар хүлээн авч буйгаа Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Тэрээр Трампад талархал илэрхийлж, “түүний энэхүү шийдвэр нь цагаа олсон, энхийн төлөө зогсч буй гэдгээ тодорхой илэрхийлж, батлан харуулсан шийдвэр байлаа, Украин улс үргэлж энхийн төлөө байж, АНУ-тай зогсолтгүй хамтран ажиллах болно” гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа “Трамп ОХУ-д ультиматум тогтоох байдлаар тоглож байна, түүний тавьж буй шинэ шаардлага бүр нь аюул заналхийлэл бөгөөд дайнд хүргэх алхам юм, түүний улстай хийх дайнд хүргэх алхам” гэжээ.

ОХУ-ын парламентын гишүүн Андрей Гурулёв мөн даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ “Трампын тулган шаардалтууд дайны галын шугаманд ч, Москвад ч тэр ажиллахаа больсон, ОХУ бол өөрийн гэсэн зэр зэвсгийн хүчин чадалтай, үзэл баримтлал дэг журамтай, ашиг сонирхолтой улс” хэмээн тодотгосон байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Трампын тогтоосон 50 хоног болон түүнийгээ багасгаж наашлуулсан тал дээр огтхон ч байр сууриа илэрхийлээгүй хэвээрээ байсаар байна. Трампыг анх 50 хоногийн хугацаа зааж өгөхөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “маш ноцтой мэдэгдэл” хэмээн тодорхойлсон ч Москвад үүнийг судлаж, дүн шинжилгээ хийх хугацаа хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан юм.

ОХУ-ын ГХЯ-ны зүгээс өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ хэрвээ барууны орнууд Украинд энх тайвныг тогтоохыг үнэхээр хүсэж, эрэлхийлж байгаа л бол Киевт зэвсэгт нийлүүлэхээр зогсоох ёстой гэжээ.

Туркийн Истанбул хотод Орос, Украины хооронд гал зогсоох асуудлаар гурван ч удаагийн яриа хэлэлцээ явагдаад байгаа боловч гал зогсоож, дайныг өндөрлүүлэх тал дээр дорвитой ахиц дэвшил, үр дүн гараагүй, зөвхөн олзны хоригдол цэргүүд болон цогцос солилцох тохиролцоонд л хүрээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт явагдсан гурав дахь шатны хэлэлцээний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ “яриа хэлэлцээнээс гал зогсоох тохиролцоонд хүрэх боломж тун хомс” гэсэн юм.

ОХУ-ын зүгээс дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулахад хэд хэдэн урьдчилсан нөхцөл, шаардлагыг тавьж байгаагийн дотор Украин улсыг НАТО-д гишүүнээр элсэх бодлогоосоо татгалзаж, төвийг сахисан улс болж, цэрэг зэвсгийн тоо хэмжээгээ эрс бууруулах зэрэг багтаж байгаа ба эдгээр шаардлагуудыг Киев болон барууны түнш холбоотнууд хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

3 жил хагас үргэлжилж буй энэ дайныг ийнхүү Трампын тулган шаардсан 12 хоногийн хугацаанд зогсоож, өндөрлүүлж чадах эсэхэд ажиглагчид эргэлзэнгүй хандаж байна.

Трамп, Стармер нар уулзалтын үеэрээ мөн Израил, Хамасын хоорондох гал зогсоох яриа хэлэлцээг сэргээх, өнгөрсөн 5-р сард байгуулсан АНУ-Их Британийн худалдааны гэрээний хэрэгжилтийг эхлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Д.Трамп мягмар гарагт Шотландын зүүн хойд хэсгийн Абердин хотод зочилж, тус хотын ойр орших өөрийнхөө амралт зугаалгын цогцолбор дахь шинэ гольфийн талбайн нээлтийн арга хэмжээнд оролцохоор болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *