Израил-Палестины “хоёр улсын шийдэл”-ийн асуудлаарх бага хурал НҮБ-д эхэллээ


Израил-Палестины зөрчил мөргөлдөөнийг “хоёр улсын шийдэл”-ээр шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх олон улсын бага хурал даваа гарагт Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд эхлээд байна.

Франц болон Саудын Араб улсуудын хамтран тэргүүлж буй НҮБ-ын уг бага хурал энэ сарын 28-30 өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд Израил болон Палестины ард түмэнг энх тайван, аюулгүй байдлын хүрээнд зэрэгцэн оршин тогтнох тухай “хоёр улсын шийдэл”-ийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг нэмэгдүүлэхэд энэ удаагийн хурлын гол зорилго оршиж байгаа ажээ.

НҮБ-ын бага хуралд дэлхийн 125 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцож байгаа ба хуралд оролцогчид Израил-Хамасын дайн эхэлснээс хойш амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүлжээ.

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “хоёр улсын шийдэл” нь өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү хэрэгцээтэй, олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээнд нийцсэн, НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэй цорын гарц, шийдэл болоод байгааг онцолжээ.

Палестины ерөнхий сайд Мохаммед Мустафа мөн хурлын үеэр Израил улсыг өмнөх “хоёр улсын шийдэл”-ийн зарчимд буцаж шилжихийг уриалж, бүс нутгийн энх тайван болон интеграцид хүрэх зам бол Палестиныг устгах биш, харин тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрснөөр хүрч болох зүйл гэдгийг Израил улсад ойлгуулах бага хурал болж байгааг цохон тэмдэглэжээ.

3 хоног үргэлжлэх бага хурлын үеэр Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх, Хамас бүлэглэлийг зэвсэггүйжүүлэх, Израил болон Арабын улсуудын харилцааг сайжруулан, хэвийн түвшинд хүргэх гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Уг бага хурлыг зохиогдохоос өмнө Францын ерөнхийлөгч Э.Макрон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх талаараа мэдэгдсэн бол даваа гарагт Люксембург улс мөн Францын ижил шийдвэр гаргах талаараа цухуйлгажээ. Франц улс мөн Их Британийг ижил шийдвэр гаргана хэмээн найдаж байгаа ба тус улсын парламентын 200 гаруй гишүүн өнгөрсөн баасан гарагт үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол ерөнхий сайд Кир Стармер Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх явдал нь “илүү өргөн, том хэмжээний бодлого төлөвлөгөөний нэг хэсэг байх ёстой” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар НҮБ-ын 193 гишүүн орны 142 нь Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн, эсвэл хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа ажээ. Түүхийн хуудсыг сөхвөл 1947 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан тогтоолоор тухайн үед Их Британийн мандатад байсан Палестиныг еврей болон арабын гэсэн хоёр улсад хуваах шийдвэр гаргаж байсан бөгөөд еврейн улс буюу Израил улс 1948 онд тусгаар тогтнолоо тунхаглан байгуулагдаж байсан юм. Олон арван жилийн туршид НҮБ-ын дийлэнх гишүүн орнууд Израил, Палестин улсууд зэрэгцэн орших “хоёр улсын шийдэл”-ийг дэмжсээр ирсэн билээ.

Бага хуралд АНУ болон Израил улсууд оролцоогүйгээс гадна Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху “хоёр улсын шийдэл”-ийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Түүнчлэн НҮБ-д суух Израилын элчин сайд Дэнни Данон энэхүү бага хурлыг эсэргүүцэж, “энэ бага хурал гарц шийдэл эрэлхийлээгүй, харин хий хоосон хуурмаг зүйлийг улам гүнзгийрүүлж байна, бага хурлыг зохион байгуулагч нар бодит байдлаас хол тасарсан хэлэлцүүлэг, чуулганыг явуулж байна” хэмээн шүүмжилжээ.  

Бага хурлыг санаачлан, тэргүүлэн зохион байгуулж буй Францын дипломат эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү бага хурлаас ямар нэгэн албан ёсны баримт бичиг, шинэ хэлэлцээр байгуулагдаж гарахгүй гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *