Даваа гарагт АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Шведийн нийслэл Стокгольм хотноо эхэллээ.
Хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчдийн багийг тус улсын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент тэргүүлж байгаа бол БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь тэргүүтэй баг төлөөлөгчид оролцож байна.
Хоёр тал энэ оны 5-р сард харилцан тогтоосон нэмэлт тарифаа бууруулахаар тохиролцсоноос хойш ийнхүү худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд өнгөрөгч сард газрын ховор элементийн экспортод тогтоосон хязгаарлалтуудаа сулруулах арга хэмжээг авах баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Мөн хоёр талын хооронд 24%-ийн тарифыг түр зогсоохоор тохирсон 90 хоногийн хугацаа ирэх сарын 12-ны өдөр дуусгавар болох болно.
Харин энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх гол сэдвүүд Хятадад гаргах АНУ-ын ХАА-н бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг бууруулах зэрэг асуудлууд байх талаар АНУ-ын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент өнгөрсөн долоо хоногт онцолсон байна.

Скотт Бессент мөн Трампын засаг захиргааны зүгээс тарифыг түр зогсоосон хугацаагаа ахин 90 хоногоор сунгах төлөвтэй байгаа гэдгийг цухуйлгасан бөгөөд яриа хэлэлцээний үеэр энэ асуудлыг мөн хөндөхөөр болсон байна.
Харин Хятадын талаас АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлсэн тарифын бодлогоо цуцлахыг шаардах болов уу гэж ажиглагчид үзэж байна.