АНУ, ЕХ-ны хоорондох худалдааны тохиролцоог ЕХ-ны хамгийн том эдийн засагтай хоёр улсын удирдагч нар хурцаар шүүмжлээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Шотландын Турнберри хотноо Д.Трамп, Урсула фон дер Лейен нарын уулзалтын үр дүнд АНУ, ЕХ-ны хооронд худалдааны тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ хүрээнд АНУ-д импортлогдон орж ирэх ЕХ-ны дийлэнх бараа, бүтээгдэхүүнд 15%-ийн тариф ногдуулж, мөн ЕХ 750 тэрбум ам.доллартай тэнцэх эрчим хүчийг АНУ-аас худалдан авч, тус улсад 600 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт хийж, хариуд нь ЕХ-ны бүх гишүүн орнууд АНУ-тай гаалийн татваргүй худалдаа хийх (зарим тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн) нээлттэй болно гэдгийг Д.Трамп онцлон мэдэгдсэн юм.
Тэгвэл хоёр талын худалдааны тохиролцоог ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц шүүмжилж, Герман улсын төсөв, санхүүд “мэдэгдэхүйц гарз хохирол” учруулах болно хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Францын ерөнхий сайд Франсуа Байру уг тохиролцоог ЕХ АНУ-д “найр тавьж, бууж өгсөн” хэрэг боллоо хэмээн тодорхойлсон байна.
Трамп, фон дер Лейен нарын тохиролцсон гэрээг ЕХ-ны хууль, дүрэм журмын дагуу бүх 27 гишүүн орон зөвшөөрөх шаардлагатай бөгөөд АНУ-д гаргадаг экспортын тал дээр гишүүн орон бүр өөрийн гэсэн ондоо ашиг сонирхол, ялгаатай нэр төрөл, хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүнтэй.
Хэдий тийм ч гэлээ АНУ-тай худалдааны дайн эхлүүлэхээс зайлсхийх үүднээс ийнхүү АНУ-ын талд ашигтай уг гэрээг ЕХ-ны гишүүн орнууд дэмжин, гарын үсэг зурж эхэлсэн бөгөөд эсэргүүцэх орон одоогоор гараагүй байна.
АНУ-тай байгуулсан худалдааны тохиролцооны талаар ЕХ-ны гишүүн орны төр засгийн удирдагчид мөн өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Унгарын ерөнхий сайд В.Орбан “Д.Трамп Урсула-г өглөөний цайндаа уугаад идчихлээ” хэмээн даажигнасан бол Финландын ерөнхий сайд Петтери Орпо “урьдчилан таамаглаж байсан үр дүн гарлаа” гэжээ. Испанийн ерөнхий сайд Педро Санчез уг гэрээг “дургүйд хүчгүй” гэгчээр ямар нэгэн урам зориггүйгээр дэмжих болно гэсэн бол Ирландын худалдааны сайд Саймон Харрис “ажлын байрны тоо хэмжээ болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлт авчрах тодорхой байдлыг бий болголоо” хэмээн магтан сайшаасан байна.
Харин ЕХ-ны худалдааны комиссар Марош Сефкович даваа гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-тай байгуулсан худалдааны гэрээг хамгаалж, “маш хүнд нөхцөл байдалд байгуулж чадсан, байж болох хамгийн сайн тохиролцоо болсон” хэмээн хэлсэн байна. Тэрээр АНУ-тай хоёр талын худалдааны харилцаагаа эерэгээр хадгалж үлдэх нь ЕХ-ны аюлгүй байдалд ч давхар ач холбогдолтой гэдгийг Украины дайнтай холбон тайлбарлажээ.