Даваа гарагт Тайландын нийслэл Бангкок хотын хүнсний захад иргэд рүү гал нээсэн хэрэг гарсан байна.
Бангкок хотын Ор Тор Кор хүнсний захад зэвсэгт этгээд иргэд рүү гал нээсний улмаас 5 хүн амь үрэгдсэнээс гадна халдлагыг үйлдсэн этгээд амиа егүүтгэсэн талаар цагдаагийн газраас мэдээлжээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн 4 нь хамгаалалтын албаны ажилтнууд байсан бол нэг нь хүнсний захын ажилтан байсан байна.
Мөн хүнсний захын өөр хоёр худалдаачин сумны шарх авсан байна.
Бангкок хотын цагдаагийн газрын дэслэгч Сиам Бунсомын орон нутгийн хэвлэлд мэдээлснээр хэргийг үйлдсэн этгээд Тайландын иргэн бөгөөд тухайн хүнсний захын хамгаалалтын албаны ажилтнуудтай өмнө нь хэрүүл маргаантай байсныг тогтоосон гэжээ. Түүнчлэн уг хэрэг Тайланд, Камбожийн хилийн маргаан, хил дээр гарсан зэвсэгт мөргөлдөөнтэй ямар ч холбоогүй болохыг цохон тэмдэглэсэн байна.
Халдлагын хэрэг гарсан Ор Тор Кор хүнсний зах нь шинэ жимс ногоо, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг зах ажээ.
Тайланд улс нь галт зэвсэг эзэмшигчдийн тоо хэмжээгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг ба өмнө нь ховор гардаг байсан энгийн иргэд, олон нийтийн эсрэг гал нээсэн энэ төрлийн халдлагын хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2023 онд 14 настай хүү Бангкок хотын төвд орших тансаг зэрэглэлийн худалдааны төвд гал нээсний улмаас 2 хүн амь үрэгдэж, 5 хүн шархдаж байсан юм.
2022 онд Тайландын зүүн хойд хэсгийн Нонг Буа Лампу мужийн хүүхдийн асрамжийн төвд галт зэвсэг болон хутга ашиглан халдлага хийсний улмаас 37 хүн амь үрэгдсэний дийлэнх нь бага насны хүүхдүүд байжээ.
Мөн 2020 онд тус улсын Накхон Ратчасима хотод цэргийн албан хаагч галт зэвсгээр халдлага үйлдсэний улмаас 29 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаж байсан байна.