Монгол, Катар Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шийдэмгий шийдвэр-2025” хамтарсан сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ.
Энэхүү хамтарсан сургууль нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Монголын талаас энэ удаагийн сургуульд Катар Улсын зэвсэгт хүчний хээрийн сургуульд дэмжлэг үзүүлэгч, хамтран зохион байгуулагч байдлаар оролцож, харуул хамгаалалт, тээвэрлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эсрэг дүрийн баг гэх мэт олон чиглэлд үүрэг гүйцэтгэх аж.



Мөн тус сургуулиар Катар Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид буудлагын зэвсэг ашиглах, буудлагын дасгал боловсруулах, явган марш үйлдэх, цэргийн байр зүй, хуягт техниктэй ажиллагааг гүйцэтгэх зэргээр цэргийн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлнэ гэлээ.
