ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг, Камчаткийн хойгт лхагва гарагийн өглөө асар хүчтэй газар хөдлөлт болсны дараагаар Япон, Шинэ Зеланд, АНУ зэрэг улсуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлээд байна.
АНУ-ын Геологийн судалгааны албаны зүгээс Оросын Алс Дорнодод 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн бөгөөд газар хөдлөлтийн голомт тухайн хэсгийн Петропавловск-Камчатск хотоос зүүн өмнөд зүгт 119 км-т, 10 км-ийн гүнд байсныг тогтоожээ.
Түүнчлэн үргэлжлээд 6.9 магнитуд хүртэлх маш хүчтэй чичиргээнүүд мэдрэгдсэн талаар Япон болон АНУ-ын сейсмологичид мэдээлсэн байна.

Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр тус улсын Номхон далайн эргийн дагуух бүс нутгууд, тодруулбал хойд хэсгийн Хоккайдо арлаас Токиогийн булан хүртэл дээд тал нь 60 см хүртэлх цунами давалгаанууд бүртгэгдсэн бөгөөд цаашдаа давалгааны хэмжээ 3 метр хүрч нэмэгдэх тул оршин суугчдыг эргийн бүсээс нэн даруй холдож, өндөрлөг аюулгүй газарт нүүн шилжихийг албаныхны зүгээс анхааруулжээ.
Цунамигийн сэрэмжлүүлгийн улмаас Японы зүүн хойд хэсгийн Сэндай нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар цуцлажээ.
Мөн иргэдэд ухаалаг гар утас, телевиз радио, үүрэн холбооны хэрэгслүүдээр цаг алдалгүй сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэж байх талаар засгийн газраас мэдэгдсэн байна.
Японы Хоккайдо, Тохокү арлууд, Шизүока, Мие, Миязаки мужуудын эргийн бүс хэдийнээ үерлэж, тухайн хэсгийн байшин барилгууд үерийн усанд автаад байгаа талаарх мэдээллүүд цацагдаад байна.

АНУ-ын Аляска, Хавай, Калифорни, Орегон зэрэг хэд хэдэн мужид цунамигийн түгшүүр зарлаж, аль болох эргээс хол, өндөрлөг газарт очиж байрлахыг иргэд, оршин суугчдад анхааруулаад байна.
Түүнчлэн Канад улсын Британийн Колумб муж болон Шинэ Зеланд улсад цунамигийн аюулаас сэрэмжлүүлээд байна.