Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас тус бүс нутагт 2023 оны 10-р сард эхэлсэн Израил-Хамасын дайнд амь үрэгдсэн хүний тоо 60 мянгыг даваад байгааг мягмар гарагт мэдэгдлээ.
Дээрх мэдэгдэлд дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо мягмар гарагийн байдлаар 60,034-т хүрээд байна гэлээ.
Түүнчлэн сүүлийн саруудад өлсгөлөн болон тэжээлийн дутагдлын улмаас 147 хүн амиа алдаад байгаагийн 88 нь хүүхдүүд байсныг мэдээлсэн байна.
Израилын зэвсэгт хүчний явуулж буй цэргийн ажиллагаа болон олон улсын тусламжид тогтоосон хязгаарлалтын улмаас Газын зурвас дахь 2 сая гаруй хүн ам хүнс тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм.

НҮБ-ын дэмжлэгтэй хүнсний хямралыг ажиглагч эксперт, мэргэжилтнүүдийн зүгээс Газын зурваст өлсгөлөнгийн байж болох хамгийн муу хувилбар өрнөж байгааг мягмар гарагт мэдэгдэж, нэн даруй яаралтай арга хэмжээ авахгүй тохиолдолд нэг дор олон мянган хүний үхэлд хүргэж болзошгүй гэдгийг анхаарууллаа.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс Газын зурвасын иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, үй олноороо үхэж үрэгдэхэд хүрээд буй өнөөгийн нөхцөл байдлыг өнгөрсөн кууны Этиоп, Биафра-гийн өлсгөлөнг санагдуулам аймшигтай үйл явдал болж байна хэмээн зүйрлэжээ.

“Integrated Food Security Phase Classification” (IPC) байгууллагын зүгээс палестинчуудыг өлсгөлөнд нэрвэгдсэнийг албан ёсоор зарлахын тулд Газын зурваст нэвтэрч, судалгаа хийж, тоон мэдээлэл цуглуулах боломж бололцоо хомс байгаа хэдий ч ажиглагч, хяналтын ажилтнуудын өдөр тутамдаа бодитоор харж, мэдэрч буй зүйлс нь үүнийг тодорхой батлан харуулж байна гэв. Нийт айл өрхийн 20% нь ямар ч хоол хүнсгүй, 6 сартайгаас 5 нас хүртэлх бага насны хүүхдүүдийн 30% нь цочмог хэлбэрийн хоол тэжээлийн дутагдалд орсон, 10,000 хүн тутамд дор хаяж хоёр хүн эсвэл 5 хүртэлх насны дөрвөн хүүхэд өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, өвчний харилцан үйлчлэлийн улмаас өдөр бүр нас барж байгаа гэсэн тайланг тус байгууллагаас танилцуулжээ.
IPC байгууллага сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ердөө 3 удаа буюу 2011 онд Сомали улсад, 2017 болон 2020 онд Өмнөд Судан улсад, мөн өнгөрсөн жил Суданы Дарфурын бүс нутагт албан ёсоор өлсгөлөнд нэрвэгдсэнийг зарлаж байсан юм.

Олон улсын дарамт, шахалтын улмаас Израилын зэвсэгт хүчний зүгээс өнгөрсөн ням гарагаас эхлэн Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өдөр бүр 10 цагийн хугацаанд хязгаарлаж, аюулгүй замуудаар НҮБ болон бусад олон улсын хандивын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийн цувааг Газын зурваст нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Израилын эрх баригчдын зүгээс даваа гарагт 460 гаруй ачааны машиныг нэвтрүүлээд байгааг мэдээлсэн байна. Түүнчлэн АНУ, Европын орнуудын тусламжийн ачааг Йордан зэрэг Арабын түнш орнуудын тусламжтайгаар Газын зурваст агаараас шүхрээр буулгах арга хэмжээг авч байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Газын зурваст хүүхэд багачууд бодит өлсгөлөнд нэрвэгдээд байгааг хэлж, хоол хүнс тараах төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгааг цухуйлгасан бол Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху Газын зурвасын хүн ам өлсгөлөнд нэрвэгдсэн зүйл огтхон ч байхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.