Ч.Ундрам: Увсын наадамд салбарын яамнаас мөнгө гаргаагүй


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн болоод хариуцсан салбарынх нь зарим асуудлаар ярилцлага авснаа хүргэе.

-Аймгуудын даншиг наадам, 100 жилийн ойн наадмуудад улсын төсвөөс их хэмжээний мөнгөн дүнгээр санхүүжилт өгсөн гэдэг мэдээлэл яригдаж байна. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Өндөр гэгээний 390 жилийн ойн арга хэмжээтэй холбоотой ажлын хэсэг засгийн газраас байгуулагдсан. Өмнөх засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байдаг. Соёлын  яам ажлын хэсгийн гишүүнээр оролцсон. Манай яамнаас энэ ажилтай холбоотойгоор ямар ч төсөв мөнгө гараагүй. Мөн одоо болж байгаа Увс аймгийн наадамд ямар нэг төсөв мөнгө гаргаагүй. Тухайн аймаг өөрсдөө хандив мөнгө босгох болоод аймгийнхаа төсвөөс тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаж наадмаа зохион байгуулсан байх гэж ойлгож байгаа.

-Та энэ салбарыг шинээр авч ажиллаж байгаа сайдын хувьд өмнөх засгийн газрын үед гарч байсан төсвийн зарцуулалтад хэр зэрэг хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Манай яаманд аудит орчихсон. Хяналт тавин ажиллаж байгаа. Үр дүнг нь хараахан надад танилцуулаагүй байна.

-Аймгуудад өрнөж байгаа наадмууд зардал ихтэй нүсэр болж байгаа нь улсын наадмаас ч илүү төсөвтэй байсан юм биш үү гэдэг хардлагыг олон нийтэд төрүүлээд байна. Жил жилийн төрийн наадмын төсөв хэтэрхий бага байгаагаас болоод аймгуудын наадмаас сүр багатай зохион байгуулагддаг болох вий гэдэг болгоомжлол төрж байна. Уг нь улсын наадам гэдэг утгаараа илүү өргөн дэлгэр болбол зорин ирэх жуулчдад  илүү хүртээмжтэй байх болов уу?

-Төв цэнгэлдэх хүрээлэн нийслэлийн өмч. 10 мянган хүний суудалтай. Наадмын үйл ажиллагааг шууд 10 мянган хүн үзэж, телевиз радиогоор бусад монгол туургатнууд үзэж нааддаг. Улсын баяр наадам бол төрт ёсны уламжлалт арга хэмжээ. Тийм ч учраас төр өөрөө зохион байгуулж оролцохоос аргагүй. Шууд хувийн компанид өгөх боломжгүй. Саяын Өндөр гэгээний наадам ч гэсэн төрийн түүхэн хүний тэгш ой учраас засгийн газраас тогтоол гаргаад зохион байгуулсан. Улсын баяр наадмыг төр зохион байгуулж байгаа гэдэг утгаараа зардлыг улсын төсвөөс гаргадаг. Улсын баяр наадмын хүрээнд маш олон ажил зохион байгуулагддаг. Наадмын комисс он гараад л 7 сар хүртэл ажилладаг. Улсын баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ гэхэд 12 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Гэхдээ олон хүмүүс наадмын нээлтээс бусдыг нь мэдэлгүй өнгөрдөг нь харамсалтай. Жишээлбэл Чингис хааны музейд Монгол дархчуудын үзэсгэлэн гарсан. Монгол дархны суу алдар, авьяас билгийг харуулсан сайхан үзэсгэлэн гарсан. Уран зургийн галлерэй дээр Монгол зураачдын үзэсгэлэн гарсан. Гэрэл зурагчдын үзэсгэлэн хүртэл гарсан шүү дээ. Мөн төрийн хүндэтгэлийн концерт гээд маш гоё концерт соёлын төв өргөөнд болсон. Заал дүүрэн үзэгчтэй байсан. Гайхамшигтай гоё тоглолт болсон. Гэвч энэ сайхан урлаг соёлын гоё сайхан арга хэмжээнүүд олон нийтэд сурталчлагдаж мэдээлэгдээгүй өнгөрсөн л дөө. Ганцхан л Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлт, эрийн 3 наадам болоод дуусдаг мэт ойлголт олон иргэнд байдаг юм билээ. Энэ жилийн наадмын нээлтийн дараа цаашид урлагийн номерууддаа юу юу оруулахаа бодууштай юм байна гэж бодсон. Монголын биет бус өвүүд хөөмий, бий биелгээ, уртын дуу зэрэг үндэсний өвүүдээ сурталчлах чиглэлд анхаарах ёстой. Нэгэнт төр татвар төлөгчдийн мөнгөөр төрт ёсны наадам юм аа гээд зохион байгуулж байгаа юм чинь хойч үедээ үндэсний өв соёлоо, соёлын зөөлөн хүчний бодлогыг наадмын нээлтээр дамжуулж олон нийтэд хүргэх нь чухал юм болов уу гэж бодож байна. Тиймээс дараа дараагийн жилийн наадам бол монголын соёлын өв дээр тулгуурласан, соёлын өв өө сурталчилсан Монгол үндэсний соёл урлагийн арга хэмжээ болох ёстой гэж бодож байгаа.

-Гишүүдийн тойрогт төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажилд санал авч эхэлсэн тухай мэдээлэл байна. Таны тойргоос төсвөөс санхүүжилт авах хүсэлтээ өгсөн ажил хэр их байна вэ? Та төвийн бүсээс сонгогдсон. Төвийн бүсэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж та харж байна вэ?

-Жил бүр тойргоос сонгогдсон их хурлын гишүүн тухайн тойргийнхоо ард иргэдтэй уулзах, мөн төр захиргааны байгууллагуудтай уулзаж ямар ямар хэрэгцээ шаардлага байгааг тодруулж хүсэлтийг нь холбогдох яамд руу явуулдаг. Зөвхөн энэ жил хийгдэж байгаа ажил биш. Жил бүр өрнөдөг зүйл. Яамд гишүүдээр дамжиж очсон иргэдийн хүсэлтийг харгалзан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болоод ирэх жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулдаг. Нийгмийн хэрэгцээ шаардлага, эрэмбэ дарааллыг нь харгалзан үзэж сангийн яаманд саналаа хүргүүлдэг. Сангийн яам бусад яамдаас ирсэн саналыг нэгтгээд их хуралд өргөн барьдаг. Яг тэр зарчмаараа явж байгаа гэж ойлгож болно.

-Зарим УИХ-ын гишүүд тойргоос сонгогдсон гишүүд тойрог тойрогтоо 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авсан байна, энэ буруу  гэдэг шүүмжлэл гаргасан байна лээ.

-Би ямар үндэслэлээр ийм яриа гарсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тойргийн сонгогчдоос маш их хэмжээний хүсэлт ирдэг. Миний хувьд төвийн бүсийн 3 аймгаас сонгогдсон. Нийтдээ 54 сум суурин бий. Зах хязгаарын сум ч байдаг юм уу? Хилийн цэрэг байрладаг газрууд байна. Сумдад маш олон хэрэгцээ шаардлага байдаг. Сургууль, соёл, эмнэлэг, соёл спортын арга хэмжээ гээд л. Тэр болгоноо тойргоос сонгогдсон гишүүндээ хэлдэг, илгээдэг. Тэр саналуудыг би өөр дээрээ гацаагаад байж болохгүй шүү дээ. Санал бүрийг холбогдох яамдад уламжилдаг. Тэгэхээр тойргоос сонгогдсон гишүүдэд ирж байгаа энэ их хүсэлтүүдэд санхүүжилтийн хязгаарыг тавьж өгсөн юм болов уу гэж ойлгосон.

Тойргийн иргэдээс ирэх санал 15 тэрбумаар тогтдоггүй. Яг үнэндээ 100-200 тэрбумын санхүүжилт шаардсан санал ирнэ шүү дээ.

Ийм ч зүйл эвдэрчихлээ, тийм ч соёлын төвийн барилгын засвар, цэвэрлэх байгууламж байхгүй байна, эмнэлгийн барилга хуучирч актлагдчихлаа, нурж унах гэж байна гэдэг ч юм уу? Маш их хэцүү нөхцөл байдал 100 жил болоод байгаа сумдад бий шүү дээ. Та бүхэн ч мэдэх байх. 100 жилээ тэмдэглэж байгаа энэ олон сумдын хэд нь цэвэрлэх байгууламжтай байдаг бол? Ийм ийм хүсэлтүүд иргэдээс ирдэг. Үүний л дээд хязгаарыг зааж өгч байгаа болов уу гэж ойлгож байна.

-Жил жилийн төсөвт хөдөө сумдын соёлын төвийн барилга сууж хэл ам дагуулдаг. Ирэх жилийн төсөвт соёлын төвийн барилга байгууламжид зориулж төсвөөс мөнгө тусгах уу?

-Монголын ихэнх сумд эрт дээр үед баригдсан. Хуучин соёлын довтолгоо гэж явж байлаа шүү дээ. Тэр үед баригдсан соёлын төвүүдийн ихэнх нь байгаа. Цаашид соёлын төвүүдийг соёл коммунити центр буюу соёл олон нийтийн төв болгож хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гадаадын улс оронд тухайлбал Япон улсад хуучин метроныхоо буудлыг олон нийтийн төв болгоод олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгэхээр олон нийтийн төв болсноороо юугаараа өөр юм бэ? гэхээр мэдээж соёлын арга хэмжээ болно. Жишээлбэл “Учиртай гурван толгой” гээд дуурь тоглоно гэвэл болно. Үүнээс гадна олон нийт рүү чиглэсэн сургалт, уулзалт, номын нээлт хийдэг, номын тухайгаа ярьдаг ч юм уу нийгмийн бүлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төв болгоно гэсэн үг. Олон хүнийг сургалтад хамруулж хөгжих боломж бүрдүүлдэг орон зай болгох төсөл гэж ойлгож болно. Тэгэхээр цаашид соёлын төв биш соёл олон нийтийн хөгжлийн төв гэж нэрлэхээр эхний байдлаар төлөвлөж төсөл дээрээ ажиллаж байна.

-Соёл олон нийтийн хөгжлийн төв шинээр барина гэсэн үг үү?

-Шинээр бол ахиж соёлын төв барихгүй. Байгаа соёлын төвүүдээ бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа юм. Харин өмнөх засгийн газрын үеүдэд баригдаж байгаад санхүүжилт нь гацсан соёлын төвийн барилга байгууламжуудыг санхүүжилтийг нь үргэлжлүүлж барилгыг нь дуусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Гишүүдээс ч үүнтэй холбоотой саналууд ирсэн. Саналаа сангийн яаманд нэгтгээд хүргүүлсэн. Төсөв хэлэлцэх үеэр санхүүжилт нь шийдэгдэх эсэхийг УИХ шийднэ шүү дээ. Нэмж хэлэхэд соёл түгээх гэж байгаа соёлын төвүүд маань ариун цэврийн байгууламжгүй байх нь элбэг. Тиймээс сумдын соёлын төвүүдийг ариун цэврийн байгууламжтай болгох асуудлыг олон улсын төсөл хөтөлбөрөөр дамжуулж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эдийн засаг хүнд байхад төсөвт аль болох дарамт болголгүйгээр шийдэх учиртай.

-Аялал жуулчлалын чиглэлийн төсөв санхүү жил бүр хангалттай тавигддаггүй. Гэхдээ татах жуулчныхаа тоог нэмэгдүүлье гэдэг асуудлыг жил бүр тавьдаг. Энэ талаар танай яам ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Нэгдүгээрт манай Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгуулагдаад жил гаруй болж байна. Өмнө нь аялал жуулчлалын салбарыг байгаль орчны яам хариуцдаг байсан. Өнгөрсөн хугацаанд эхэлсэн, хэрэгжиж байгаа ажлуудыг бид нягталж дуусах шатандаа явна.

Бидний зүгээс эхний ээлжид хөнгөлөлттэй зээлийг аялал жуулчлалын дотоодын компаниуддаа олгох журмыг бэлтгэж байна.

Дуусах шатандаа орсон. Ерөнхийдөө аялал жуулчлалын компаниудаараа хэлэлцүүлье, Худалдаа аж үйлдвэрийн танхимаараа хэлэлцүүлье гэж төлөвлөж байна. Энэ ажлын дараа Монгол банканд саналаа хүргэнэ. Үүний дараачаас Монгол банктай хамтраад арилжааны банкнуудаас хөнгөлөлттэй зээлийг ирэх жилээс олгоод эхлэх болов уу гэж төлөвлөж байна. Дээрх зээлийн зорилго нь аялал жуулчлалын компаниудаа чадавхжуулахад чиглэнэ. Аялал жуулчлалын компаниуд маань байр сууцаа сайжруулж, ариун цэврийн орчин үеийн байгууламжтай болох, зам дагуу иргэд жуулчид амарч болох Урьхан шиг үйлчилгээний төвүүдийг нэмэгдүүлэх зэргээр чиглэл чиглэлээ тодорхойлоод ямар ямар шаардлага тавих вэ гэдгээ тусгаад явж байна. Мэдээж төр бүх зүйлийг хийх боломжгүй. Төр зочид буудал барихгүй. Төр Урьхан шиг зам зуурын зогсоол үйлчилгээний төв барихгүй. Тиймээс дотоодын компаниудаа дэмжвэл аялал жуулчлалын салбар маань босоод ирнэ гэж бодож байна. Анх би энэ салбарын ажлыг аваад : Саваа сайн бэлтгэх хэрэгтэй байна. Ирсэн жуулчин ахиж Монголд эргэж ирэхгүй байна гэдгийг хэлж байсан. Ирсэн жуулчин өөрийнхөө улс оронд очоод Монгол улсад 00  байдаггүй юм байна лээ, гадаа бие засдаг, хоол нь хүнд идэх юм олддоггүй гэдэг яриа гаргуулахгүйн тулд бид аялал жуулчлалын холбоодтой, компаниудтай ойрхон ажиллаж, тэднийг дэмжиж чадавхыг нь сайжруулъя гэж бодож байна. Үүнээс гадна зочид буудал, зоогийн газруудын стандарт нь шинэчлэгдээгүй удсан юм билээ. Эдгээр стандартуудыг шинэчлэх ажлыг одоо хийж байгаа. Мөн аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж байна. Тодорхой хэмжээний судалгааг эрдэмтэн багш нараар хийлгэж байгаад зогсоочихсон юм билээ. Түүнийг нь үргэлжлүүлье гэж төлөвлөж байна. Энэ бүхнийг тодорхой болгоод засгийн газраар батлуулах ажлыг хийнэ. Монгол улс эдийн засгаа солонгоруулъя гэж ярьдаг. Аялал жуулчлалын салбар эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар. Тэр дундаа эко аялал жуулчлал, соёлын өв дээрээ төвлөрсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь тун ач холбогдолтой. Мэдээж экстрийм аялал ч юм уу эвентэд суурилсан аялал явагдана. Түүнчлэн орон нутагт байгаа нисэх онгоцны буудлуудаа олон улсын статус бүхий буудал болгох ажлыг Зам тээврийн сайдтай хамтраад эрчимжүүлэх талаар ярьж байна. Тухайлбал Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгосон. Гагцхүү манай өөрийн авиа компаниуд маань маш цөөхөн онгоцтой учраас арай холын баруун аймгууд руу өглөө нь яваад, буцаж ирээд шөнө дунд ч юм уу үүрээр өмнөговь явах нислэгийн хуваарь гараад байгаа юм._ Тиймээс бид 6 хувийн хөнгөлөлттэй зээлүүдээ тодорхой хэмжээнд авиа компаниуд руу гаргаж дэмжих ёстой гэж үзэж байгаа. Ер нь бол аялал жуулчлалын салбарт хамгийн гол зүйл бол дэд бүтэц байдаг. Онгоцтой байж л жуулчин ирнэ. Монгол улсыг зорьж ирж байгаа жуулчдаа бид заавал энэ их түгжрэлтэй Улаанбаатарт буулгаж стресстүүлэхгүйгээр зорьж очих гэж байгаа тэр орон нутагт нь шууд хүргэх нь чухал. Заавал нийслэлийн түгжрэлд оруулж цагийг нь үрэлгүйгээр Бусанаас шууд Өмнөговь руу, шууд Хөвсгөл рүү нисдэг болгох нь чухал байна. Ийм боломжуудыг нээхийн төлөө ажиллана гэж бодож байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *