Франц болон бусад 14 улсын гадаад хэргийн сайд нар Палестиныг албан ёсоор улс хэмээн зөвшөөрөх уриалгыг дэлхийн улс орнуудад хандан гаргасныг лхагва гарагт Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро мэдэгджээ.
НҮБ-ын төв байранд Палестины асуудлаар зохиогдож өндөрлөсөн бага хурлын төгсгөлд тус хурлыг даргалсан Франц улсын зүгээс барууны бусад орнуудтай хамтран Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхийг дэлхийн улс орнуудад уриалсан “Нью Йоркийн уриалга” хэмээх хамтарсан мэдэгдлийг гаргаад байна.
Дээрх хамтарсан уриалгад Андорра, Австрали, Ирланд, Исланд, Испани, Канад, Люксембург, Мальта, Норвеги, Португал, Финланд, Франц, Сан Марино, Словени, Шинэ Зеланд улсууд нэгдэж, гадаад хэргийн сайд нар нь гарын үсэг зуржээ.
Эдгээр 15 улсын 9 нь Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөөгүй ч “хүлээн зөвшөөрөх хүсэл эрмэлзэл, эерэг бодолтой” гэдгээ илэрхийлсэн бөгөөд хамтарсан мэдэгдэлд 15 улс “хоёр улсын шийдлийн үзэл баримтлалыг тууштай баримтлахаа” нотолсон байна.

Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 140 орчим улс орон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсөн, эсвэл хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэсэн тоо байгаа бөгөөд энэ сард Франц, Их Британи, Канад гэсэн томоохон гүрнүүд Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөх талаараа мэдэгдээд байна.
Лхагва гарагт өндөрлөөд буй Израил-Палестины “хоёр улсын шийдэл”-ийн асуудлаар зохион байгуулагдсан НҮБ-ын бага хурлын үеэр мөн дэлхийн 17 улс, ЕХ болон Арабын лигийн зүгээс Палестины нутаг дэвсгэрт сүйрэл авчирч буй дайныг зогсоох үүднээс Газын зурвас дахь удирдлагаа өгч, зэвсгээ буулган хураалгахыг Хамас бүлэглэлд уриалсан юм.