Орон нутгийн замд 140 км гаруй хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд Төв аймгийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээсэн.
Харин тэрээр замын цагдаа нар 80км цагийн хурдтай явах дүрэм гаргачхаад үүгээрээ далимдуулан хүн торгодог. Үүнийг ил гаргаж шүгэл үлээсэн хүн нь би. Би өөрийгөө монголын жолоо барьж буй хүмүүст зөв шүгэл үлээсэн гэж бодож байна” гэсэн байр суурьтай байгаа юм.
Түүний энэ үзэл бодлыг “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуунтатар дэмжиж буйгаа илэрхийлж “Одоо үед Дарханы зам дээр 80 км цагийн хурдтай явна гэж байхгүй. Багадаа 120 км/цаг болгох хэрэгтэй. Би Л.Гүндалай ахыг дэмжиж байна. бусад нь бас давлагаалах хэрэгтэй” хэмээсэн. Үүгээр зогсохгүй нэр бүхий олны танил хүмүүс орон нутгийн замын дээд хязгаар 80км цагийг нэмэх нь зүйтэй талаар ярьж давалгаалав.
Улмаар олон нийтийн дунд зөв, буруу гэсэн санал зөрчилдөөн явж эхэллээ.
Угтаа Монгол улсын замын хөдөлгөөний хуульд зааснаар орон нутгийн хатуу хучилттай замд хурдны дээд хязгаар нь 80 км/цаг байдаг. Хэдий ийн 80 км/ цаг гэж заасан ч сүүдэртэй зам, гулгамтгай гадаргуу, харагдац хязгаарлагдмал / өгсүүр, уруу хэсэг, малтай бүс, бороо, цас, манан, шороон шуурга, авто зам дээр ажил гүйцэтгэж байгаа хэсэгт жолооч хурдаа бууруулах үүрэгтэй.
Хуулиар заасан дүрмийг олон улстай жиших, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь шүгэл үлээх бус үхэл рүү шууд тулгаж байгаатай ялгаагүй юм болж байна. Жилдээ хэдэн мянган осол аваар гардгийн дийлэх нь орон нутгийн замд гардгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар ирсэн.
Тиймээс ч жил бүр жолооч, зорчигчдын ухамсар, хандлагад нөлөөлөх, зам тээврийн осол аваарыг багасгахын тулд “Яараад яахав дээ” “Аажуу явахад аандаа болно доо”, “Дүрмээ мөрдье” зэрэг нөлөөллийн аяныг зохион байгуулсаар ирсэн.
Сүүлийн нэг сар буюу 6-дугаар сарын 20-ноос 7 сарын 20-ны өдрүүдэд 45 хүн зам тээврийн ослоор амиа алдсан тоо баримт байна.
Автомашины ослын дийлэнх нь орон нутгийн замд гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, хурд хэтрүүлсэн, хамгаалалтын бүс зүүгээгүй, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэх шалтгаанаар гарч үүнээс үүдэн иргэд алтан амиа зам дээр алдаж байгаа юм.
Ийм атал УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, дуучин Д.Мөнхчулуунтатар нарын хуулиар заасан хурдыг нэмэх, өөрчлөх талаар олон нийтийн үзэл бодолд нөлөөлж байгаа нь ямар учиртай вэ? Монгол улсын замын хөдөлгөөний тухай хуульд засаж сайжруулах зүйл байж болох ч сэтгэл хөөрлөөр хурд нэмэх сонголт хийх нь буруу. Хамгаалалтын бүсээ ч зүүж хэвшээгүй хүмүүс зөвшөөрөгдсөн хурдыг өөрчлөхөд дүрмээрээ дагаж мөрдөх нь юу л бол.
ШУТИС-ийн Механик инженер тээврийн сургуулийн тээвэр логистикийн тэнхимийн эрхлэгч И.Базаррагчаа: Явган зорчигчийг тээврийн хэрэгслээр мөргөхөд амьд үлдэж болох магадлал 30 км/цаг хурд байдаг. Тээврийн хэрэгслүүд өөд өөдөөсөө мөргөлдөхөд дотор сууж буй жолооч, зорчигч амьд үлдэх магадлал нь хамгийн багадаа 70 км/цаг байдаг. Тиймээс орон нутгийн замын дээд хурдыг 80 км биш 70 км/цаг болгох хэрэгтэй. Тээврийн хэрэгслийг замын хажуу талаас мөргөхөд дотор буй хүн амьд үлдэх магадлал нь 50 км/цаг байдаг” талаар онцолсон.
Хэн нэгэн өөрийн үзэл бодлоо хэлээд хууль дүрмийг өөрчилдөг бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль байгаад ямар хэрэгтэй вэ? Тэдний үзэл бодол орон нутгийн замд гарах осол, аваарыг нэмэгдүүлж болзошгүй үр дагаварт хүргэж байна. Хувь хүн сонголтоороо жолоо барьдаг ч хуульд захирагдаж нийгэмд амьдардаг гэдгээ бодох хэрэгтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог ардчилсан улсад амьдарч буй ч өдөөн хатгасан, муу үр дагавар авчирч болохуйц энэхүү үйлдлийг хэрхэх вэ? Эрхэм Л.Гүндалай та шүгэл үлээсэн гэж өөрийгөө зөвтгөх биш дүрмээ мөрдөж хурдаа анхаарвал зохих юм шиг.