Үндэсний чулуу үйлдвэрлэгчид болон “ТАСО” компаниас явган замын ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Олон нийтийн сүлжээгээр нийслэлийн ажлыг улс төрийн зорилгоор харлуулж, шүүмжилж байна. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бидний ажлыг харлуулж олон нийтэд буруу мэдээлэл өгч байна. Чулуун хавтан нь хагардаг гэсэн. Чулуу хагардаг. Сайн чанарын чулуу угаасаа хагарна. Улс төрийн зорилгоор Улаанбаатарын төслийг гацаадаг, нэр хүнд олж авах гэж сайн зүйлийг буруу болгож байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 59.6 км урт явган замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Ойролцоогоор 220 мянган ам.метр талбайг шинэчилж, 15 туслан гүйцэтгэгч компаниас 14 компани нь 58,9 тэрбум төгрөгийн төсвөөр 119 мкв талбайг хамаарч 35 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Улаанбаатар хотын гол магистрал Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг чулуун зам болгохоор төлөвлөсөн. Засварын ажилд шалгарсан 13 монгол компани тендерийн хууль дүрмийн дагуу шалгараад явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг хийгээд явж буй. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа авсныхаа дараа монголдоо чулуу үйлдвэрлэж буй компаниудын төлөөллийг авч уулзаж, тэднийг хамтран ажиллана гэдгээ хэлсэн” гэв.
“Тасо” ХХК-ийн ерөнхий захирал Р.Отгонбаяр: Өнөөдөр өглөө миний зургийг хятад үсэгтэй бичээд олон нийтийн сүлжээгээр бөмбөгдсөн байна. Манай компани үйлдвэрлэлээ хийгээд, өөрсдийн ажлаа хийгээд явж буй. Төрийн бодлогыг чулуу үйлдвэрлэгчдийн холбоо шат шатандаа дэмжин ажиллаж байгаа.
Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар ажлаа авснаасаа хойш дөрөв хоногийн дараа чулуу үйлдвэрлэгчдийн холбоодын төлөөллийг авч уулзсан. Чулуу үйлдвэрлэгчдийг дэмжинэ, та нар үйлдвэрлэлээ хий гэсэн. Ингээд батлан даалтын сангаар дамжуулан чулуу үйлдвэрлэгчдэд зээл санал болгосон. Манай компани шалгуураа хангаад зээл аваад, сар бүр төлбөрөө төлөөд үйлдвэрлэлээ хийгээд явж буй. Худлаа мэдээлэл тарааж буй хүмүүст би юм хэлэхгүй. Үнэн зүйл үнэнээрээ байна. Манай компани Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам шинэчлэх тендерт шалгарсан. Бид Чех улсад гурван жил хуурай аргаар чулуу суулгахад суралцсан. Чанартай зам хийе, монгол хүн үүнийг хийж чаддаг, монголдоо үйлдвэрлэл хийдэг гэдгийг харуулаад урдах ажлаа л хийгээд явж байгаа” гэлээ.

