Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд 58.2 км урт явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ агаарын ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр шийдэж байгаа юм.
Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтээс нийт 15 байршилд явган хүний замыг засварлахдаа холбоо мэдээллийн сувагчлал, цахилгаан хангамжийн шугамыг өргөтгөн шилжүүлэх цогц ажлын зургийг хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу Энхтайвны өргөн чөлөөнд нийт 11.6 км холбоо мэдээллийн кабелийг газар доогуур оруулах ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараа явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах аж.
Анх 1962 онд хуучнаар ЗХУ-ын төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын агаарын кабель болон худаг сувагчлалын байгууламжийг хийж байжээ. Үүнээс хойш 1996 онд сувагчлалыг шинэчилснээс хойш өргөтгөл хийгээгүй. Ийнхүү энэ жил явган хүний замын засвар, шинэчлэлттэй холбоотойгоор хотын гол гудамж, зам дагуу нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг сувагчлах боломжтой болсон байна. Ингэхдээ зургаан чиглэлд инженер техникийн 109 ажилтан шаардлагатай үед 24 цагаар ажиллаж байна. Мөн кабелыг сувагчлах ажлын хүрээнд зургаан байршилд 1.1 километр авто замыг сэтэлгээ хийгээд байна.


