Зам, тээврийн яам Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 аж ахуйн нэгж, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Далайн захиргаатай хамтран хийжээ.
Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн, усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй, Монгол Улсын Төрийн далбааг мандуулаагүй, жолоочийн үнэмлэхгүй, тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, усчин аврагчгүй, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар удирдамж, заавар гаргаагүй, усан замын зогсоолыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж байгуулаагүй зэрэг зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Мөн аврах хантаазыг өмсөх болон ашиглах тухай бүтэн зааварчилгаагүй, стандартын болон ашиглалтын шаардлага хангаагүй, аврах хэрэгслээр бүрэн хангаагүй, гэрлэн ба дуут дохионы хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зорчигчдыг батлагдсан цагийн хуваарийн дагуу тээвэрлэдэггүй, усан замын тээврийн хэрэгслүүдийг 16 м-ээс багагүй урттай аврах олс, 3-аас доошгүй ширхэг улаан өнгийн гал цацраах дохиогоор хангаагүй, радио холбооны станц, чиглэл заагч багаж GPS-гүй, дуран, хөвөгч бүсийн газрын зураггүй зэрэг 196 зөрчил, дутагдлыг илрүүлж, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 91 заалт бүхий 8 улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллав.
