АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 2028 оны Лос Анжелесын зуны Олимпын наадмыг зохион байгуулах шинэ ажлын хэсгийг бий болгох тухай ерөнхийлөгчийн зарлигт мягмар гарагт гарын үсэг зурсан байна.
Тус ажлын хэсэг нь “Олимпын наадмыг аюулгүй, саадгүй, түүхэн амжилттай явуулахын тулд” холбооны засгийн газартай хамтран ажиллах болно гэжээ.
Ажлын хэсгийн даргаар Д.Трамп, дэд даргаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ажиллах бол багийн бүрэлдэхүүнд Трампын засаг захиргааны хэд хэдэн удирдах албан тушаалтнууд багтан орж, ажиллахаар болсон байна.
Трамп ажлын хэсгийг байгуулах зарлигт гарын үсэг зурах үеэрээ “АНУ 2028 оны Олимпын үеэр эмэгтэйчүүдийн тэмцээний шагналыг эрэгтэй хүмүүс булаахыг зөвшөөрөхгүй” гээд, Олимпын наадамд оролцох тамирчдыг генетикийн маш сайн шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу нь зохих ёсоор гараагүй тамирчдыг оролцуулахгүй гэсэн байна.
Мөн тэрээр “бид Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд Үндэсний Гвард болон зэвсэгт хүчнийг дайчлах зэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.

Тэрээр өнгөрсөн 6-р сард хууль бус цагаачдыг албадан гаргах түүний тушаалын улмаас Лос Анжелес хотод өрнөсөн үймээн самуун, эмх замбараагүй байдлын үеэр Үндэсний Гвард болон зэвсэгт хүчнийг дайчлах урьд өмнө байгаагүй гэнэтийн тушаал гаргаж байсан бөгөөд Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, Лос Анжелес хотын дарга болох Карен Басс нартай хэрүүл маргаандаа тулж байсан билээ.
Ажлын хэсэг байгуулах тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах ёслолд оролцсон 2028 оны Лос Анжелесийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Кейси Вассерман ерөнхийлөгч Д.Трампад 1984 оны Лос Анжелесийн Олимпын алт, мөнгө, хүрэл медаль бүхий дурсгалын зүйлийг гардуулан өгч, мөн Олимпын галт бамбарыг барьж, буухианд оролцохыг урьсан байна. Трамп өмнө нь 2004 оны Афины Олимпын галт бамбарын буухиад оролцож байсан ажээ.
Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашсан анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017 оны 9-р сард Лос Анжелес хот 2028 оны зуны Олимп болон Паралимпын наадмуудыг зохион байгуулах хотоор сонгогдож байсан түүхтэй.
Харин түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ болон 2028 оны зуны Олимп, Паралимпын наадмууд АНУ-д зохион байгуулагдахаар болоод байна.
