Израилын аюулгүй байдлын кабинет Газа хотыг эзлэж авах төлөвлөгөөг батлав


Израилын аюулгүй байдлын кабинет орон нутгийн цагаар баасан гарагийн үүрээр Газа хотыг эзлэж авах төлөвлөгөөг батласан талаар Израилын ерөнхий сайдын албаны зүгээс мэдээллээ.

Ийнхүү сүүлийн 22 сарын хугацаанд үргэлжилж буй Израил-Хамасын дайн цаашид ч үргэлжлэхээр болж байна.

Өнгөрсөн хугацаанд Газын зурваст 60 мянга гаруй палестинчууд амь үрэгдсэн бөгөөд 2 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ.

Газын зурваст өнгөрсөн 7-р сард таваас доош насны 12,000 орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага пүрэв гарагт мэдээлж, мөргөлдөөн, хүмүүнлэгийн тусламжийн хязгаарлалтын улмаас өлсгөлөнд нэрвэгдэгсдийн дундах нас баралт улам нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг эзлэх шийдвэр пүрэв гарагийн шөнө хуралдсан Израилын аюулгүй байдлын кабинетын хуралдаанаас гаргажээ.

Хүмүүнлэгийн хямралд нэрвэгдээд буй Газын зурваст явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаагаа зогсоох дарамт шахалтыг олон улсын зүгээс Израилд үзүүлж байгаа ч ийнхүү Газа хотыг эзлэж авах шийдвэр гараад байна.

Гэхдээ Израилын Б.Нэтаньяху-гийн өмнө нь мэдэгдэж байсан Газын зурвасыг бүхэлд нь эзлэж авах төлөвлөгөөтэй харьцуулахад арай зөөлрүүлсэн шийдвэрийг гаргажээ. Зөөлрүүлсэн шалтгаан нь Хамасын барьцаанд амьд байгаа 20 хүний амь настай холбоотой ч байж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Одоогийн байдлаар Израил улс Газын зурвасын газар нутгийн 75 орчим хувийг хяналтдаа аваад байгаа юм.

Израилын аюулгүй байдлын кабинетын хуралдааны дараа ерөнхий сайдын албанаас хийсэн мэдэгдэлд “Израилын зэвсэгт хүчин байлдааны бүсээс гадуур байгаа энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Газа хотыг хяналтдаа авахаар бэлтгэх болно” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *