Олон улсын дугуйн холбоо улсуудын чансааг шинэчилжээ. Тус чансаанд Монгол Улсын эрэгтэй элит баг 921.82 оноотойгоор 37 дугаар байраа хадгалав.
Ази тивийн багуудаас Казахстан хамгийн дээгүүр буюу 1323.99 оноогоор №31 дүгээрт жагссан бол Японы баг 1104.99 оноогоор №34 дүгээрт эрэмбэлэгдэж, чансаагаа хоёр байраар ахиулсан байна. Харин манай улсын баг тус хоёр улсын дараа Ази тивдээ гуравдугаар байрт жагсаж байна.
Олон улсын дугуйн холбоо олимп, Дэлхийн АШТ-д өрсөлдөх эрхийг улсын чансааг харгалзаж олгодог бөгөөд эхний 50-д багтсан улс орнууд байраасаа шалтгаалан 1-4 тамирчнаа уралдуулах эрхтэй байдаг юм. Энэ дагуу Монгол Улс ДАШТ, Олимпын наадмын бөөн гараатай уралдаанд нэг тамирчнаа өрсөлдүүлэх эрхийг хадгалж байна.
Харин Дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй, Бельги /17707.72 оноо/, Словен /16951/, Испани /14649.95/ оноогоор эхний гурван байрт жагсаж байна.
