Хотоороо өвлийн спортоор хичээллэх холыг харсан ажил


Улсаараа өвлийн спортоор хичээллэх боломж уг нь бидэнд асар их байгаа ч ашиглаж байгаа хэн ч алга. Чухам үүнийг л олж харсан хотын удирдлагууд маань Улаанбаатар хотоос энэ ажлыг эхлүүлэхээр хэрэндээ хичээж байгаа ч ойлгож байгаа хүн алга. Харин ч шүүмжлэх янзтай. Холыг харж, хоёрыг бодсон ажлыг нь харлуулах хандлагатай боллоо.

Нийслэл энэ онд 15 байршилд явган хүний 59.6 км урт замыг шинэчилж байна. Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Ихтойруу, Багатойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөн дэх явган зорчигчийн замын хавтанг шинэчилж байгаа юм. Эдгээр байршил дахь явган хүний зам одоо явган зорчигчид тийм ч ээлтэй биш байна гэж хотын мэргэжилтнүүд үзсэн юм шиг байгаа юм. Тиймээс ч тоосго шиг хэлбэртэй, бараан хавтанг өнгөрсөн хавраас ховхолж, гялгар чулуун хавтан суурилуулж эхэлсэн. Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн мэдээлснээр энэ ажлынхаа 35%-ийг нугалжээ.

Ийм л холыг харж, тийм л чухал ажил хийж байгаа хотын удирдлагуудаа ойлгож, дэмжихгүй юм гэхэд дуугүй байх хэрэгтэй

Байгалийн чулуу гэж тэдний тодотгож буй цайвар, гялтгар хавтан барзгар гадаргуутай, цас, бороонд хүн халтирахгүй, алхахад саад болохгүй гэнэ. Гэвч халтирдаггүй, хагардаггүй, 2 жил явж дассан саарал тоосгон хавтандаа дассан олон хүн Т.Даваадалайгийн үгэнд итгэсэнгүй. Хүмүүс нүдээрээ харж, гараараа барьж үзээд, өөг нь олж, сул талыг нь анхааруулж байгаа л даа. Гэсэн ч хотынхон хавтан солих ажлаа үргэлжлүүлсээр…

Улаанбаатар хот даяараа өвлийн спортоор хичээллэх өөдрөг зорилт тавьсан юм чинь энэ зэргийн өө, шүүмжлэлийг хотын удирдлагууд тоохгүй байх нь аргагүй. Явган явахдаа халтирахгүй, ойчихгүй, тэнцвэрээ олоод, хөнгөн гишгэж сурвал цана, тэшүүр углах цагт цадигаа алдаж хөглөхгүй шүү дээ. Урт өвөлтэй, цасан хучлагатай Монголд хүн бүр цана, тэшүүрээр гулгаж сурвал өвлийн олимпын тэнгэрт алтан соёмбот далбаа үүрд мандах болно. Ийм л холыг харж, тийм л чухал ажил хийж байгаа хотын удирдлагуудаа ойлгож, дэмжихгүй юм гэхэд дуугүй байх хэрэгтэй.

Нэгэнт л дугуйнд зориулсан тусгай зам тэр бүр тавьж чадахгүй бол явган хүний замаа дугуйнд ч тохиромжтой болгож өөрчлөх нь боддог л бодол

Явган хүний замын хавтанг сольж байгаагийн нөгөө талд скүүтэр, суррон, унадаг дугуй унахыг дэмжих том бодлого бий. Явган хүний одоогийн саарал хавтан жижигхэн. Тэр нь скүүтэр, сурронд тохиромжгүй байдаг юм байх. Тиймээс одоо 30х60 см хэмжээтэй хавтан тавьж, цахилгаан дугуйнд тохиромжтой болгож байгаа тухайгаа хотын удирдлагууд тайлбарлав. 1 сумаар 2 туулай буудах анчны ухаан манай хотын удирдлагуудаас гарч буйг сайшаая. Нэгэнт л дугуйнд зориулсан тусгай зам тэр бүр тавьж чадахгүй бол явган хүний замаа дугуйнд ч тохиромжтой болгож өөрчлөх нь боддог л бодол.

Ийм л алсыг харсан ажил өрнөж байна шүү дээ, Улаанбаатарт. Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн хэлснээр явган хүний замаа шинэчилж, Улаанбаатар хотын  инженерийн байгууламжийг ассамблей болгож жигдрүүлэх нөр их ажил 8-р сарын 25-нд дуусах ёстой. Инженерийн байгууламжийн ассамблей гэж юу байдгийг ч мэдэхгүй мань мэт нь дарга нарынхаа ажлыг хараад, дуугүй л байж байя. Ямар ч байсан сайхан л юм болох юм шиг байна. Өвлийн спорт ч хөгжих янзтай. Дугуйчид ч башийх шинжтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *