Украиныг дэмжигч Европын холбоотон улсууд Трамп-Путины уулзалтын талаар байр сууриа илэрхийлэв


Трамп-Путины уулзалт АНУ-ын Аляска мужид явагдахаар болсонтой холбогдуулан Украины түнш холбоотнууд болох Европын улс орны удирдагчид өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Европын удирдагчид өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө хамтарсан мэдэгдэл гаргаж, мэдэгдэлдээ “идэвхтэй дипломат ажиллагаа, Украинд үзүүлэх дэмжлэг, ОХУ-ын хууль бус дайныг зогсооход чиглэсэн дарамт шахалт зэргийг хослуулсан арга барил л амжилтанд хүрч чадна” хэмээн онцолсон байна.

Европын удирдагчид Трампын хүчин чармайлтыг сайшааж, Украинд дэмжлэг үзүүлэх, мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авах зэргээр дипломат аргаар туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд тус хамтарсан мэдэгдэлд Франц, Герман, Итали, Польш, Их Британи, Финландын удирдагчид, ЕХ-ны комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нар гарын үсэг зуржээ.

Тус мэдэгдэлд “Украин болон Европын аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой, тэр дундаа Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа үр дүнтэй хамгаалах боломжтой бат бөх, найдвартай аюулгүй байдлын баталгаа шаардлагатай, Украинд энх тайван тогтоох асуудлыг Украингүйгээр шийдэх боломжгүй” гэжээ.

Украины ерөнхийлөгч В.Зеленский Европын удирдагчдын дээрх мэдэгдлийг сайшааж, “Киев Европын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэл болон Украиныг дэмжсээр ирсэн хөдөлж гуйвшгүй байр суурийг нь үнэлдэг бөгөөд бүрэн дэмжиж байна” хэмээн ням гарагт мэдэгдсэн байна.

Трамп-Путины уулзалтын асуудалтай холбогдуулан мөн бямба гарагт Киевийн холбоотнууд болох АНУ, ЕХ, Их Британийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Их Британид чуулж, өөрсдийн байр суурийг нэгтгэсэн байна.

Түүнчлэн Франц, Герман, Их Британийн удирдагчид Зеленскийтэй утсаар холбогдон хэлэлцсэний дараа “Украины ирээдүйг украинчуудгүйгээр шийдвэрлэх боломжгүй, энхийн яриа хэлэлцээнд Европ оролцох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дээрх мэдэгдлийг Францын ерөнхийлөгч Э.Макрон хийсэн бөгөөд тэрээр Европын аюулгүй байдалд хамаатай учраас Европ нь Украины хямралыг шийдвэрлэх “шийдлийн” нэг хэсэг байх ёстой Европ оролцох ёстой гэжээ.

ЕХ-ны зүгээс ч мөн дээрхтэй ижил мэдэгдлийг ням гарагт хийсэн байна. ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас хэвлэлд өгсөн ярилцлагадаа Америк, Оросын аливаа гэрээ хэлэлцээр нь Украин болон Европын Холбоог заавал харгалзан үзсэн байх ёстой, учир нь энэ нь зөвхөн Украин төдийгүй бүх Европын аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн онцоллоо. Мөн тэрээр даваа гарагт ЕХ-ны гадаад хэргийн сайд нарыг яаралтай хуралдуулж, дараагийн алхмын үйл ажиллагааг хэлэлцэнэ гэдгийг хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *