Б.Нэтаньяху Газын зурвас дахь цэргийн ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөгөө зөвтгөж байна


Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху Газын зурвас дахь цэрэг, дайны ажиллагаагаа үргэлжлүүлж, Газа хотыг эзлэх төлөвлөгөөгөө өнгөрсөн баасан гарагт танилцуулсны дараа тэрээр дотоод, гадаадын хурц шүүмжлэлд өртсөн юм. Израил цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх шийдвэр гаргасныг НҮБ, Их Британи, Франц зэрэг олон орон буруушаасан. Ням гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил-Палестины асуудлаар яаралтай хурлыг нээлттэй явуулж, хурлын үеэр Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд бүх талаар гал зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Мирослав Йенча уриалаад, “хоёр улсын шийдэл”-ийг хэрэгжүүлж, Палестины нутаг дэвсгэрийг Израил хууль бусаар эзлэн түрэмгийлэхийг эцэс болгох шаардлагатайг онцолжээ.

Тэгвэл мөн орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гаргийн орой Израилын Тель-Авив хот дахь Израилын батлан хамгаалах хүчний төв байрны өмнө олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохиож, Газын зурвасын хойд хэсгийн Газа хотыг эзлэх Израилын цэргийн төлөвлөгөөг эсэргүүцэн, Газын зурвас дахь дайныг нэн даруй зогсоохыг шаарджээ.

Жагсагчид “Геноцидыг эсэргүүцье”, “Газыг бүхэлд нь эзлэн авахыг хориглоё” гэсэн бичиг бүхий уриа лоозон барин, Газын зурваст гал зогсоох, Хамас бүлэглэлтэй хэлэлцээ хийж тохиролцох, барьцааны бүх хүнийг суллахыг Засгийн газраас шаардсан байна. Уг жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тэгвэл Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху ням гарагт олон улсын сэтгүүлчдэд хандан, албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөг зөвтгөж, гол зорилго нь Газын зурвасыг Хамас бүлэглэлээс бүрмөсөн чөлөөлөхөд оршиж буйг онцолж, “Израил улсад эхэлсэн ажлаа дуусгаж, Хамасыг бүрэн ялахаас өөр сонголт үлдээгүй” гэжээ.

Тэрээр “Бидний зорилго бол Газын зурвасыг эзлэх биш, харин чөлөөлөх. Хамасын террористуудаас чөлөөлөх явдал. Хэрвээ Хамас зэвсгээ буулгаж, үлдсэн бүх барьцааны хүнийг суллавал энэ дайн маргааш ч дуусах боломжтой” гээд, Израилын аюулгүй байдлын кабинетын зүгээс зэвсэгт хүчинд Хамасын гол удирдлага болох Газа хот дахь хоёр байршилд цохилт өгч, устгах заавар өгснийг хэлсэн байна. 

Б.Нетаньяху мөн Израилын арми Газын зурваст өлсгөлөнгийн бодлого явуулж байна хэмээн олон улс буруутгаж байгааг үгүйсгэж, “Хэрвээ Израил үнэхээр өлсгөлөнгийн бодлого хэрэгжүүлсэн бол сүүлийн хоёр жил үргэлжилсэн дайны дараа Газад нэг хүн ч амьд үлдэхгүй байлаа” гэж хошигносон маягтай хэлжээ. Тэрээр Газын зурваст ямар ч хүн өлсгөлөнд нэрвэгдээгүй болохыг дахин мэдэгдэж, Израилын зэвсэгт хүчинд “олон улсын сэтгүүлчдийг олноор нь авчрах” үүрэг чиглэл өгснөө хэлсэн байна.

Эцэст нь тэрээр энгийн иргэд амь насаа алдах, хот тосгод сүйдэх, хүмүүнлэгийн тусламж хүрэлцэхгүй байх гэх зэрэг Газын зурваст үүсэж буй ихэнх асуудалд Хамас бүлэглэлийг буруутгаж, Палестины энгийн иргэд Хамас бүлэглэлээс чөлөөлөгдөхийг хүсэж, гуйж байгаа хэмээн хэлсэн байна. Үүнд нь Хамас бүлэглэл маш урт хариу мэдэгдэл гаргаж, Израилын Ерөнхий сайдын дээрх мэдэгдлийг “илт худал” хэмээн үгүйсгэжээ.

Израилын зэвсэгт хүчний цэргийн ажиллагаа болон өлсгөлөн, хүнс тэжээлийн дутагдлаас болж Газын зурваст өдөр бүр энгийн иргэд олноороо үхэж үрэгдсээр байгаа. Ням гарагт Израилын цэргийн ажиллагааны улмаас 61 хүн амиа алдсан талаар Газын эрүүл мэндийн алба мэдээлжээ. Өнгөрсөн 6-р сараас хойш насанд хүрсэн 117 хүн тэжээлийн дутагдлаар амиа алдсан бол дайн эхэлснээс хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 61,400-д хүрээд байгааг Газын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлсэн байна. Үүний тал орчим хувь нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд. Газын Эрүүл мэндийн яамнаас өгч буй эл тоог “Энэ дайны хохирлын хэмжээг тогтоож буй хамгийн найдвартай эх сурвалж” хэмээн НҮБ мэдэгдээд байгаа юм. 

Харин Хамас бүлэглэлийн барьцаанд 49 хүн байгаагаас ердөө 20 нь амьд байгаа талаар Израилын зэвсэгт хүчин мэдээлж байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *